Чуулганы үеэр хэлэлцсэн асуудлыг багцлан “Уурхайчин” сэтгүүл гаргах ба гуравдугаар сарын 31-нд “Нүүрсний ордын геологи ба эрэл, хайгуулыг аргачлал” болон “Далайн царцдасны шургалттай холбоотой метал, ашигт малтмалын хүдэржилт” сэдвээр нэг өдрийн сургалт зохион байгуулах гэнэ.
Чуулга уулзалтын талаар Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Геологийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн М.Тодбилэгээс тодрууллаа.
-Эрдэс баялгийн салбарт төрөөс ямар оролцоотой байгаа вэ?
-Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын төслийг ЭБЭХЯ-наас бусад салбарын холбоод, төрийн бус байгууллага, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, геологичдээс санал аваад, ажлын хэсэг гарч, боловсруулсан. Үүнийг 2021 он хүртэлх эрдэс баялаг, эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх үндэсний хөтөлбөртэй хамт боловсруулаад өнгөрсөн жил засгийн газраар хэлэлцүүлээд, дэмжигдсэн юм. Үүгээр ерөнхий нэгдсэн бодлогын хүрээнд геологи, эрдэс баялгийн хөгжлийг тодорхойлох юм.
-Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт ямар төвшинд байна вэ?
-2002 онд Засгийн газраас геологи, уул уурхайн салбарт баримтлах чиглэлийг баталсан. Ерөнхийдөө энэ чиглэлээр дагнаж байна. Жишээ нь, улсын бүх нутаг дэвсгэрийг геологийн 200000:1, 50000:1 масштабын зураглалаар нутаг дэвсгэрийн 30 хувийг бүрхэх, хайгуулын ажлын хэмжээг нэмэгдүүлэх, геологичдын мэргэжлийг дээшлүүлэх замаар зэрэгтэй болгох, хайгуулын тусгай зөвшөөрлийг тусгай сонгон шалгаруулалтын замаар олгох зорилтуудыг дэвшүүлсэн байдаг. Өнөөдрийн төвшинд эргээд харахад биелж байна гэж дүгнэж болохоор байна. Одоо бол бидний өмнө дараагийн шатны зорилгыг дэвшүүлж ажиллах хэрэгцээ, шаардлага тулгарч байна. Дараагийн шатны хөтөлбөр, бодлогууд хэрэгжээд явж байгаа. Геологийн хувьд бол 200000:1 масштабаар Монгол орны нутаг дэвсгэрийг бүрэн бүрхчихсэн. Энэ ажлын эргэх холбоо буюу “Улсын геологийн зураг 200” гэсэн төсөл гаргаад, тэр зургуудаа нэгтгэх ажил хийж байна. Сүүлийн жилүүдэд хайгуулын ажил эрчимжиж байгаагийн хамт үр дүн нь ч гарч байна. Хайгуулын ажлын нөөц, болон лиценз нь дуусахаар үр дүн гарахаар түүнийгээ улсын Эрдэс баялгын зөвлөлөөр хэлэлцүүлж байгаа. Түүнчлэн шинээр молибден, вольфрам, цагаан тугалга зэрэг ховор металын ордууд гарч ирж байна.