санаачилгаар энэ оныг НҮБ-ын Ерөнхий ассамблейн 64 дүгээр чуулганаас
“Олон улсын хоршооллын жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд
хоршоологчид мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг хөдөлмөрөөрөө хорших,
төрөөс хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүний эдийн биржийн тогтолцоог
байгуулах бэлтгэл ажлыг хангах асуудлаар төрийн ордонд чуулж байна.
Өнөөдөр дэлхийн долоон тэрбум хүний гурван тэрбум нь хоршооноос ашиг
хүртэж, 100 сая ажлын байрыг бий болгосон байна.
Мөн дэлхийн эдийн
засгийн хямралыг хоршоолол хамгийн гарз хохирол багатайгаар даван туусан
тухай олон улсын байгууллагын судалгаа гарчээ. Үүнээс харахад хоршоог
шинэ түвшинд өөр утга агуулгаар баяжуулан хөгжүүлэх зорилттой тулгарч
байгааг Ерөнхий сайд С.Батболд Хоршоологчдын үндэсний III чуулганд
оролцож хэлсэн үгэндээ тэмдэглээд хөдөөгийн хөгжлийг эрчимжүүлэх, хүн
амын ажиллаж амьдрах таатай орчинг бүрдүүлэх, бүсийн ялгааг багасгах
зорилгоор Монгол Улсын Засгийн газар “Хөдөөг хоршоолох аян”-ыг эхлүүлж
байгаагаа мэдэгдлээ.
Мөн
тэрээр Засгийн газар өчигдрийн хуралдаанаар “Хөдөөг хоршоолох аян”-ыг
эхлүүлэх, сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөс тодорхой хэсгийг нь жишиг
хоршоо байгуулахад зарцуулах, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын багцад
зохицуулалт хийх замаар 2012 онд хоршоололд хөрөнгө санхүүгийн дэмжлэг
үзүүлэх, цаашид жил бүрийн төсөвт тусгах, хоршооллын үндэсний зөвлөлийг
Монгол Улсын Шадар сайдаар ахлуулан ажиллуулах шийдвэрийг гаргаснаа
дуулгасан юм. Түүнчлэн хоршоог хөгжүүлэх зорилтын хүрээнд хөдөөгийн
баялаг бүтээгчдийг үйлдвэрлэгч, хэрэглэгчтэй шууд холбох, малчид
үйлдвэрлэгчдийн дундаас ашиг олж, бараа бүтээгдэхүүний үнийг зохиомлоор
өсгөдөг ченжийн тогтолцооноос гарах бодлого хэрэгжүүлэхээ Засгийн газрын
тэргүүн хэлж байна.
Мөн хоршоологчдын хөдөө аж ахуйн гаралтай
бараа түүхий эдийн боловсруулалт, ноос, ноолуур, арьс шир, мах, сүү,
чацарганын үйлдвэрлэлийг хоршин хөгжүүлэх үүсгэл санаачлагыг Засгийн
газрын тэргүүний хувьд бүхий л талаар дэмжих болно гэдгээ илэрхийлээд
Засгийн газраас дараах үүрэг чиглэлийг холбогдох газруудад өлөө.
- Монгол Улсын сум бүрт жишиг хоршоодыг ажиллуулж, үйл ажиллагааг нь дэмжих,
- Хоршоодыг хөгжүүлэх, бэхжүүлэх ажлыг хүн л хийнэ. Тиймээс сум бүрээс
хоршоодыг удирдах хүмүүсийг сонгож сургаж, мэргэшүүлэх ажлыг энэ жилдээ
багтаан эхлүүлэх,
- “Сум хөгжүүлэх сан”-гийн хөрөнгийн 80-аас доошгүй хувийг жишиг хоршоодод олгох
- Малчид, тариаланчдыг дэмжих урамшууллын тогтолцоог хоршооны бүтэц үйл ажиллагаатай шууд холбон хөгжүүлэх,
- Салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудтай хамтран
“Хөдөөг хоршоолох аян”-ыг тухайн орон нутгийн хэмжээнд удирдан зохион
байгуулахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгож
байна,
- Холбогдох сайд, яам, агентлагийн дарга нар хоршоолох аяныг
эрчимжүүлэх, хоршооллын эрх зүйн орчинг сайжруулах, санхүү, хөрөнгө
оруулалт, зохион байгуулалтын арга хэмжээ авах саналаа боловсруулан
шуурхай арга хэмжээ авахыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд үүрэг
болголоо.
Мөн энэ үеэр “Хөдөөг хоршоолох аян”-ыг эхлүүлэх, хоршооллын үндэсний III
чуулганы шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газар, Монголын
хоршооллын үндэсний нэгдсэн холбоотой хамтран ажиллах санамж бичигт
гарын үсэг зурсан юм. Чуулганд 21 аймаг, 330 сумдын Засаг дарга, хот,
хөдөөгийн 400 хоршоологчид, дэмжигч гишүүд болон төрийн болон төрийн бус
байгууллага, олон улсын байгууллага, Монгол Улсад суугаа Элчин сайдын
яамд зэрэг нийтдээ 900 гаруй төлөөлөгчид оролцож байна.