Тавантолгойд хайгуул хийсэн геологичдийг шагналаа

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

Тавантолгойд хайгуул хийсэн геологичдийг шагналаа

Жил бүр зохион байгуулагддаг “Монголын геологи хайгуул-2012”  геологичдын нэгдсэн хурал энэ сарын 29-30-ны өдрүүдэд болж байна. ЭБЭХ-ний сайд Д.Зоригтын үг хэлснээр эхэлсэн хурлаар геологийн салбарт болж буй үйл явдлууд болон  тулгамдсан асуудал, алдаа оноогоо шүүн ярилцаж, санал бодлоо чөлөөтэй солилцлоо.

Хурлын цар хүрээ жилээс жилд өргөжсөөр энэ удаа 800 гаруй геологичид хуралд төлөөлөгчөөр оролцож байна. Хурлын эхний өдөр “Монгол улсын газрын тосны салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт”, “Геологи хайгуулын салбарын хуулийн хэрэгжилт, анхаарах асуудлууд”, “Хатуу ашигт малтмалын нөөц, эрдэс баялгийн шинэ ангилал”  зэрэг олон сонирхолтой илтгэл тавигдав.

Хурлын үеэр жил бүр хамгийн сайн ажилласан геологийн багийг тодруулж, шагнадаг уламжлалтай. Өнгөрсөн жил зохион байгуулагдсан геологичдын хурлын үеэр Оюутолгой ордыг илрүүлсэн геологичид шагнал авч байсан бол энэ жил Тавантолгойн ордын хайгуулын ажлыг хийсэн үе үеийн геологичдын хөдөлмөрийг үнэлж, шагнал хүртээлээ.

Мөн үеэр Монгол улсын өнцөг булан бүрээс олдсон эрдэс баялгийн дээж болон геологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компани, аж ахуйн нэгжүүд өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчилсан үзэсгэлэн гаргасан юм.

Хуралд оролцогчид Монгол орны эрдэс баялгийн нөөц Оюутолгой, Тавантолгойн ордоор дуусаагүй гэдгийг онцолж байлаа. Хөрш зэргэлдээх улс орнуудын геологийн тайланд томоохон хэмжээний ордууд байгаа нь тогтоогдсон. Манай оронд ч эдгээр ордын үргэлжлэл болох ордууд байгаа аж.

Хурлын үеэр Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.

Ашигт малтмалын тухай хуульд геологийн салбарын зохицуулалт хангалтгүй тусгагдсан талаар шүүмжлэлтэй хандаж байна. Хуульд ямар зохицуулалт зайлшгүй үгүйлэгдэж байна вэ?

Ашигт малтмалын тухай хууль бол салбарынхны ярьдгаар кадастрын хууль. Геологийн салбар энэ хуульд ерөнхийдөө муу тусгагдсан. Шинэчлэн найруулж байгаа Ашигт малтмалын тухай хуульд Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбоо хэд хэдэн санал дэвшүүлсэн.

Нэгд, геологийн ажлыг дараалалтай болгох. Эрлийн лиценз, хайгуулын лиценз гэж салгана гэсэн үг.

Хоёрт,  лицензийн тоог хязгаарлах талаар санал өгсөн. Одоогоор хайгуулын лицензийг хязгааргүй олгож байгаа. Мөн лицензийн талбайг багасгах ёстой. Хайгуулын лиценз олгосон талбай дөрвөн мянган км квадрат байдаг. Европын нэг муж гэсэн үг. Энэ хэмжээг багасгах хэрэгтэй.

Гуравт,  сайн дурын хүссэн хүн бүхэнд лиценз олгодгийг болих. Өөрөөр хэлбэл, лиценз олгохыг улсын бодлого болгох ёстой. Улс хаана хайгуул хийх хэрэгтэй байна тэнд мэргэжлийн компаниудад лицензийн эрх өгөх юм. Жишээ нь, Өмнөговь аймагт одоо судалгаа хийгээд байх хэрэггүй, хангалттай судлагдлаа. Байгаль нь ч дийлэхээ больж байна. Тиймээс улсын бодлогоор лиценз өгөх хэрэгтэй.
Хуулийн шинэчилсэн найруулгад оруулсан бас нэг том зүйл бол геологичдод тавих шаардлагыг өндөрсгөх талаар байгаа. 

Монгол улс өөрийн ашигт малтмалын ангилалтай болох нь ямар давуу талтай вэ?

Ерөнхийдөө олон улсын ангиллууд зарчим нь нэг, ойролцоо байдаг. Яаж нэрлэх, яаж тодорхойлох вэ гэдэг дээрээ л маргалдаад байдаг юм. Бид тэдгээр ангиллыг сохроор дагах биш түүнд ойртуулах хэрэгтэй. Тиймээс Европын эрдэс баялгийн хороонд нэгдэж ангиллаа тэдэнд ойртуулснаар олон улсын биржүүд дээр манай тайланг хүлээж авна гэсэн үг.

Одоогийн манай стандартаар бичсэн тайлангуудыг гадны биржүүд хүлээж авдаггүй. Хоёр тайлан бичих шаардлага гардаг. Монголдоо нэг, гадны биржүүдэд зориулж нэгийг бичдэг. Үүнийг нэг болгох зорилготой юм. Оросын ангилал ерөнхийдөө дэлхийд хүлээн зөвшөөрөгдчихлөө. Тиймээс манайх Оросын туулсан замаар илүү хурдан явна гэж хэлж болох юм. Энэ жилдээ багтаад Монголын эрдэс баялгийн ангилал олон улсын түвшинд хүрчихвэл байдал эрс өөрчлөгдөнө.

Г. Батболд

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж