Цахим үнэмлэхийг 6 сарын 21-нд олгож дуусгана

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

Цахим үнэмлэхийг 6 сарын 21-нд олгож дуусгана

УБЕГ-аас иргэний цахим үнэмлэхний олголт, тараалт, түгээлтийг иргэдэд илүү ойлгомжтой болгох зорилгоор өнөөдөр мэдээлэл хийлээ. УИХ-ын сонгууль дөхсөн учир Засгийн газрын тогтоолоор Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан иргэний цахим үнэмлэх олгох асуудлыг удирдан зохион байгуулах, зохицуулах Ажлын хэсэг өчигдөр хуралдсан байна. Төлөвлөгөө ёсоор дөрөвдүгээр сарын 6-нд эхний 60 мянган бэлдэц ирэхээр болжээ. Үүнээс  хойш долоо хоногийн давтамжтайгаар есөн удаа 1.990 сая бэлдэц ирж дуусах юм байна.

Эхний бэлдэц ирсэн өдрөөс эхлэн УБЕГ-т байрласан хэвлэх хоёр машин дээр иргэний цахим үнэмлэхийг хэвлэж эхлэх ажээ. Дорнод аймгийн цахим үнэмлэхийг хамгийн эхэнд хэвлэж дуусгах юм байна. Дараагийн ээлжид Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан зэрэг аймгийн иргэний цахим үнэмлэхийг хэвлэж дуусах аж. Үлдсэн 16 аймгийн иргэдийн нэгдсэн тоо нь нийслэлийн иргэдтэй ойролцоо байгаа тул нэг машин дээр нь нийслэлийн иргэдийн, нөгөө машин дээр 16 аймгийн цахим үнэмлэхийг зэрэг хэвлэхээр төлөвлөжээ.

Дорнод аймгийн төдийгүй бүх аймгийн үнэмлэхийг хэвлэлтээс гармагц холын аймгуудыг онгоцоор, ойрхон бөгөөд асфальтан зам тавигдсан аймгуудын  цахим үнэмлэхийг машинаар түгээж эхлэхээр болсон байна. Аймгуудын иргэний цахим үнэмлэхийг 6 сарын 1-нд, нийслэлийнхийг 6 сарын 21-нд олгож дуусгах аж. 

Цахим үнэмлэхийн хэвлэлт, түгээлтийн талаар УБЕГ-ын дарга Л.Амарсанаагаас тодрууллаа.

-Ямар учраас цахим үнэмлэхийг хэвлэх ажил хойшлох болов?

-“Бодь интернэшнл” компанитай өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-нд иргэний үнэмлэх нийлүүлэх ажилыг хариуцах албан ёсны гэрээ хийсэн. Тус компани Францын “Жамелто” компанитай хамтран ажилахаар болсон гэсэн. Төлөвлөгөө ёсоор эхний бэлдцийг нэгдүгээр сарын 16-наас хоёрдугаар сарын 28-ны хооронд нийлүүлнэ гэсэн байсан. Хугацаандаа ирэхгүй болохоор тус компани болон манай байгууллагын төлөөлөгч газар дээр нь очиж, ажлын явцтай танилцаад ирсэн. Техникийн хувьд богино хугацаанд нийлүүлэх боломжгүй гэх мэт хэд, хэдэн шалтгааны улмаас дөрөвдүгээр сарын 6 хүртэл хойшилсон юм.

-Нийтдээ хэдэн хүн цахим үнэмлэх авах вэ?

-Монгол Улсын нийт иргэдийн 94,6 хувь нь шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байгаа. Гадаадын улс оронд одоогийн байдлаар нийт 103 мянган хүн амьдарч, ажиллаж байна. Тэдгээрээс 32600 хүн хамрагдсан, үлдсэн 70-аад мянган хүн хамрагдаагүй гэсэн үг. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт амьдарч байгаа ч хаяг тодорхойгүй, олддоггүй 17 орчим мянган хүн байгаа юм. Шүүхийн шийдвэр ёсоор ял эдэлж байгаа 2600 гаруй хүн шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй байгаа тоо баримт байдаг.

-Тэгэхээр цахим үнэмлэх авч чадаагүй бол сонгуульд санал өгөх эрхгүй болно гэсэн үг үү?

-Ямартай ч сонгууль ирэх зургадугаар сарын сүүлээр болох нь тодорхой. Бид ямар ч байсан шинэчилсэн бүртгэлд хамрагдсан бүх иргэддээ цахим үнэмлэхээ багтаан тараахын төлөө ажиллана. Мөн шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг аль болох хамруулахын төлөө хичээж байна.

                                        Д.Жаргалсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж