Уул уурхайн бохирдлыг шинжлэх лабораторитой боллоо

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

Уул уурхайн бохирдлыг шинжлэх лабораторитой боллоо

БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/ болон Уул уурхайн нөхөн сэргээлтийн корпораци /МИРЕКО/ нь Зүүн Азийн Цаг уурын хамтын ажиллагааны төслийн хүрээнд “Монгол орны уул уурхайн бохирдлын судалгаа болон бохирдлын мэдээллийн сан бүрдүүлэх” төслийг 2011 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм. Гурван жил хэрэгжих төслийн хүрээнд “Уул уурхайн бохирдлыг шинжлэх лаборатори” байгуулж, өчигдөр нээлтээ хийлээ.

Уул уурхайн нөхөн сэргээлтийн судалгаа мэдээлэл, бохирдлын шинжилгээний лаборатори нь уул уурхайн олборлолтын улмаас үүссэн хөрс, усны бохирдол зэрэг төрөл бүрийн бохирдуулагч элементүүдийг шинжлэх юм. Нийт нэг сая ам.долларын өртөг бүхий хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг нэвтрүүлснээр Монгол улс уул уурхайн бохирдлыг дэлхийн түвшинд судлах боломжтой болж байна. ICP, IC, GC зэрэг өндөр өртөг бүхий эдгээр тоног төхөөрөмжүүд хорт хүнд метал, органик бохирдуулагч бодис зэргийг маш тодорхой шинжилж тогтоох боломжтой бөгөөд үүгээр дамжуулан Монгол орны нийт нутаг дахь уул уурхайн бохирдлын өнөөгийн байдлыг тогтоох боломжтой юм.
Лабораторийн нээлтэд ЭБЭХЯ, АМГ, ГТГ, БОАЖЯ-ны холбогдох хүмүүс болон Солонгосын Мэдлэг, эдийн засгийн яам, ЭСЯ, КОЙКА-гийн Монгол дахь оффис, МИРЕКО-ийн холбогдох албаны хүмүүс оролцсон байна.

Уул уурхайн бохирдлын лабораторийг нээхээс өмнө МИРЕКО 2011 оны дөрөвдүгээр сараас эхлэн 6 сарын хугацаанд Улаанбаатар хот болон баруун бүсийн 10 аймгийн 209 уурхайд бохирдлын судалгаа хийжээ. Мөн арваннэгдүгээр сард Монголын уул уурхайн салбарт ажилладаг 12 төрийн албан хаагчийг Солонгос улсад урьж, уул уурхайн нөхөн сэргээлтийн технологийг танилцуулах сургалтад оролцуулжээ. 

Энэ жил Зүүн бүсийн аймгуудын 120 уурхайд бохирдлын судалгаа хийхээр төлөвлөж байгаа бөгөөд судалгаа, шинжилгээний үр дүнд үндэслэн Уул уурхайн бохирдлын GIS шинжилгээний системийг бий болгохоор төлөвлөж байгаа аж. Үүгээр дамжуулан Монгол улсын Засгийн газар уул уурхайн хохирлыг зохицуулах бодлого боловсруулах, тогтолцоогоо шинэчлэн сайжруулах, нэн түрүүнд нөхөн сэргээлт хийх шаардлагатай уурхайдыг сонгох зэрэг олон ажил хийж болох юм.

С.Болд

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж