
Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг түүний төрсөн дүү нар болох Н.Отгонбаяр, Н.Наранцэцэг нар эдгээр оюутнуудын сурлагын дүнтэй танилцаж, тэтгэлэг болох 500 мянган төгрөгийг өчигдөр гардууллаа. Энэ үеэр Н.Алтанхуяг дарга хэлэхдээ “Аав Норов, ээж Жигүүсэн нар маань нутаг орондоо ажилч хичээнгүйгээрээ олонд танигдсан хүмүүс байсан. Бид эцэг эхээс наймуулаа, хоёр том ах эгч маань Увсад бусад нь Улаанбаатарт ажиллаж амьдарч байна. Эцэг эх маань биднийг бага байхаас зүйр үгээр загнаж сургаж хүмүүжүүлж ирсэн болохоор тэр л сургууль зааврыг нь алдахгүй дагаж хичээж ирсэн. Тийм ч болохоор өнөөдөр нутаг усандаа Норовын хүүхдүүд гэхээр хүн анддаггүй сурлага сайтай, юм юмыг оролдож хийдэг, ихэнхи нь арваа алтан медальтай төгсөж багаасаа сурлага спортоор аймагтаа бүү хэл улсад тэргүүлж ирсэн. Тиймээс бид нутаг усныхаа залуучуудаас ажил амьдралтайгаа хөл залгаж их дээд сургуулиудад бусдыгаа манлайлж яваа хүүхдүүдийг дэмжиж тусалж байхаар шийдсэн юм. Ээж маань биднийг бага байхад “Буруу замаар олсон хоол бахлуур дээр чинь тээглэдэг юм. Тэгвэл үхдэг юм аа” гэж сургаж байсан. Тэр л сургуулиар бид зөв явах гэж хичээж, мэрийж, зүтгэж ирсэн маань бидэнд өнөөдрийн амжилтыг авчирсан. Тийм болохоор та нар маань ч бас дор бүрнээ хичээн зүтгэж, мэргэжилтэй мэдлэгтэй, бас олон талын авьяасаа хөгжүүлж залуу насандаа Улс эх орондоо хэрэгтэй зүйлийг хийх хэрэгтэй. Улсдаа манлайлж чаддаггүй юм аа гэхэд нутаг усныхаа нэрийг өндөрт өргөж явах нв чухал юм аа. Өнөөдөр хүн өөрөө л зүтгэвэл амжилтанд хүрдэг болсон. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж ардын сайхан сургаалийг санаж хувь заяандаа, улс эх орондоо эзэн нь болж яваарай хэмээн захилаа.