Түүхий нүүрсийг хэрэглээнээс хасах тухай танилцуулав

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

Түүхий нүүрсийг хэрэглээнээс хасах тухай танилцуулав

Агаарын бохирдол бууруулах, түүхий нүүрсийг хэрэглээнээс хасах, коксжсон нүүрс гаргаж авах үйлдвэр байгуулах ажлын талаар өнөөдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд танилцуулсан юм. Энэ талаар Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагваас тодрууллаа.

-Түүхий нүүрсний хэрэглээг өөрчилнө гэж байна. Энэ ажил хэдэн жил хийгдэх бол?

-Коксжсон нүүрсний үйлдвэртэй болсноор 240 мянган тонн нүүрс гаргах боломжтой гэж үзэж байгаа. Хагас коксжсон нүүрсийн ажлыг 2011 онд эхлүүлснээр байгалийн баялгаа ашиглаад тодорхой мөнгөтэй болох боломжтой байна. Энержи ресурс,Мак гэсэн компани бол бас боломжийн хэрээр хагас коксжсон нүүрс гаргах боломжтой гэж байгаа. Эд нарыг шахаж шаардах юм бол 2011, 2012 он гэхэд агаарт байгаа хорт утаа 50-70 хувь багасах боломжтой. Хажуугаар нь байгаль бохирдуулдаггүй байгалийн хийг бид ашиглах боломж байна.

-Коксжсон нүүрс, байгалийн хий олборлоод хэрэглэдэг болтол ямар хугацаа шаардлагатай бол. Одоо бид хэрэглээгээ хангаж хүрэхээр байгаа юу?

-Коксжсон нүүрс гаргах бодлогоо шийдвэрлээд, мөнгийг нь тусгана гэдэг бол өөрөө том алхам. Түүнээс биш өнөөдөр бид коксжсон нүүрс ашиглана гэсэн үг биш. Зуух нь байхгүй, үйлдвэр нь байхгүй ийм мөрөөдөл хэрэггүй. Бодит үнэн бол 2011, 2012 онд кокс, хагас коксжсон нүүрсний үйлдвэр явагдах ёстой. Уг нь Засгийн газар хариуцлагатай ажиллаад УИХ-аас гарсан тогтоол шийдвэрийг хэрэгжүүлж явсан бол 10 тэрбум төгрөгийг өдийд ашиглаад хагас коксжсон нүүрсийг нэмэгдүүлэх асуудал, нөгөө талаас тэр нүүрсээ ямар зууханд түлэх, айлуудад түлш болгох зэрэг асуудлыг ярьж байх ёстой. Тийм учраас хувьцааны үнэ алдаж байгаадаа туйлийн их харамсалтай байна.

-Утааг багасгах ажилд тодорхой хэмжээний мөнгө зарсан байгаа, энэ ажлынхаа үр дүн ямар байгаа гэж бодож байна?

-Үр дүн тодорхой хэмжээнд гарсан, Бид нарын боддог шиг ямар ч үр дүнд хүрээгүй биш, тодорхой үр дүнд хүрсэн. Дөрөв, таван яам албан байгууллагуудын хооронд ямар ч уялдаагүй учраас олон газар дангаараа үйл ажиллагаа явуулаад байна. Тийм учраас Ерөнхий сайдаар ахлуулаад ажлаа хуваарилаад, нэгдмэл үр дүнд хүрэх ёстой. Зарим ажилд үр дүн гараагүй юм харагдаж байгаа.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж