“Арабын хавар” ЭЗ-ийн үлэмж хохирол учруулсан

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

“Арабын хавар” ЭЗ-ийн үлэмж хохирол учруулсан

Жилийн өмнө Арабын ертөнцөд төрийн эргэлт өрнөж Египет, Ливи тэргүүтэй улсууд шинэ засгийн газраа бүрдүүлсэн. Нэг удирдагчийн дарлалд нухлагдсан Арабчууд хувьсгал хийсэн нь олон жил ялзарсан засаглалыг түлхэн унагасан сайн талтай байв. Гэвч удирдагчдаа зайлуулсны дараа зарим улсуудад эдийн засгийн хямрал гэгч шинэ дайсан гарч ирлээ. Кайрт жагсаал, цуглаан өнөөг хэр татрахгүй байгаа нь тус улсын ард түмэн амьжиргааны түвшиндээ нэлээд санаа зовниж буйг харуулж байна хэмээн "Блүүмбэрг"-т бичжээ. Египетэд ажилгүйчүүдийн тоо сүүлийн 10 жилтэй харьцуулахад хамгийн их байна. Биржүүд дээр ажил олгогчид хэт өндөр шаардлага тавьж, цалингаа бууруулах болсон нь ажил хайгчид олширсных аж.

Кайрт нэгэн үсчний газар ажиллуулдаг эмэгтэй "Орлого хоёр жилийн өмнөхөөс эрс дордсон" хэмээн "Ройтерс"-т ярьсан байна. "Би мөнгө олохын тулд бүр их хичээх хэрэгтэй болоод байна. Үнээ нэмснээс хойш үйлчлүүлэгчид тэр бур олдохгүй хэцүү байгаа. Бид хувьсгал хийж чадсан уу. Чадсан. Гэвч бид ажилгүй үлдлээ" хэмээн 30 настай эмэгтэй зовлонгоо тоочжээ.

Египетийн ард түмэн амьдралын баталгаатай, стандартад нийцсэн нийгмийг хүсч байна. Хэдийгээр ардчилсан сонгууль болж өнгөрсөн ч хүссэн эрх чөлөөг нь санхүүгийн дарамт боогдуулж буй аж.

Ойрхи Дорнод дахь Египет улс дайнаас өмнө тивийнхээ хамгийн залуу ажиллах хүчинтэй улсаар тооцогддог байж. Хосни Мубаракийн засаглалын үед жил бүр ажилд зуучлагддаг иргэдийн 80 хувь нь дээд боловсрол эзэмшсэн гэх шалгуураар ажилд ордог байсан гэнэ. Харин Х.Мубарак эрх ямбаа хүлээлгэн өгснөөс хойш буюу 2011 оны хоёрдугаар сараас энэ оны мөн сартай харьцуулахад Египетэд нэг сая гаруй иргэн ажилгүй үлджээ.

Эдийн засгийн уналт улирлын эхний хагаст үлэмж доройтов. Ажилгүйдэл Египетээс гадна Тунист тулгарч буй том асуудал. Тунисчууд хувьсгалаас үүдэж Төв банкныхаа нөөц хөрөнгийн 18 хувийг алдахаас-аргагүйд хүрчээ.

Олон Улсын валютын сангийн мэдээлснээр энэ онд Тунисын эдийн засаг 13 хувьд хүрч буурах аж.

БИРЖ ДЭЭР ШААРДЛАГАТАЙ БОЛОВСОН ХҮЧИН ДУТАГДЖЭЭ

Ажилгүйчүүд Египетийн сонгуулийг асар том өөрчлөлт, боломжтой ирээдүй хэмээн дүгнэж, нэлээд нааштай хүлээн авсан. Гэхдээ бодит байдал хувьсгалын өмнөх үеийнхээс нэг их дээрдээгүй. Энэ бол зөвхөн эдийн засгийн дүн шинжилгээ. Египетийн дотоод санхүүгийн 90 гаруй хувийг газрын тос, нефтиэс олох ашиг бүрдүүлдэг. Европ, АНУ гэхчлэн өндөр зах зээлтэй улс орон руу нефть экспортлох нь жил бүрийн үндсэн төсөв болдог. Мөн шинэ засаглалын дараа хувийн хэвшлүүд олноор бий болсон нь тус улсад ажлын байран дээр шаардлагатай боловсон хүчин, мэргэжилтнүүд эрс дутагдах болов. Тиймээс ард иргэдийн тал хувь нь хар, бор ажил хийж амьжиргаагаа залгуулж байна. Сургуульд эзэмшсэн мэдлэгээ шинэ засаглалын үед ашиглах боломжгүй иргэд бухимдаж, үйлдвэрчний эвлэлүүдэд гомдол гаргах болжээ.

ТУНИСТ УРТ ХУГАЦААНЫ ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО ҮГҮЙЛЭГДЭВ

Тунис улсын эдийн засаг энэ сарын байдлаар 1.8 хувьд хүрч буурчээ. Ирэх онд энэ тоо өссөөр 3.5 хувьд хүрвэл жинхэнэ гамшиг гээч болно. Улсын санд буй хөрөнгө эргэлтэд орохгүй удахын хэрээр зах зээл дээр бэлэн мөнгөний ханш буурч, эрэлтээс үүдсэн үнийн хөөргөдөлт газар авч байгааг Дэлхийн банкны мэргэжилтнүүд дүгнэсэн юм. Тунис улс 1986 оноос хойш жижиглэнгийн бараа бүтээгдэхүүний хямралд өртөж байгаагүй.

Дотоод төсвийн зарцуулалтыг Засгийн газрын бодлого тодорхойлогчид буруу шийдвэрлэж байгаагаас ашиггүй зээл дийлдэхээ больж, нийгмийн зааг хэт холдоод байна. Ажиглагчид Тунист урт хугацааны турш тодорхой шат дараалалтай эдийн засгийн төлөвлөгөө боловсруулж, жил бүр батлах төсвийнхөө тодорхой хувийг нөөцийн сандаа бүрдүүлэхийг уриалжээ. Үгүй бол Тунисийн Төв банк жил хүрэхгүй хугацаанд бодлогын хүүгээ тэнгэрт тулгах юм.

УДИРДАГЧИД УНАХ ЦАГААР ЭДИЙН ЗАСАГ ДАГААД УРУУДАВ

Египетийн эдийн засаг өнгөрсөн оны энэ үеийнхээс 0.8 хувийн өөрчлөлттэй гарсан. Уг нь Хосни Мубаракийн засаглал 2010 онд 11.5 хувьтай байсан жилийн дундаж өсөлтийн графикийг 2013 он гэхэд 16 хувьд хүргэхээр шаргуу ажиллаж байжээ. Үүний тал хувь нь газар тариалан, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл.

Үлдсэн нь газрын тос, ашигт малтмалаас олох ашиг хэмээн тооцоолж байсныг "Мооди" шинжээчдийн агентлаг тайлагнажээ. Үүнийг дагаад Египетийн зах зээлээс гадны биржүүдэд нэлээд олон хувьцаа борлуулагдаад байв. Хувьсгалаас өмнө Египетийн бондууд Ойрхи Дорнодод баталгаагаар гуравдугаарт жагсч байжээ. Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират, Катар зэрэг улсуудтай биржийн зах зээл дээр өрсөлдөж байсан цаг саяхан. Египет дотооддоо үүрэн телефоны корпорацитай байсан.

Энэ нь бүс нутагтаа хоёрдугаарт бичигдэх харилцаа, холбооны оператор улс гэх тодотголыг өгчээ. Гар утас, интернэт цахим зах зээлээс Египет нэлээд ашиг хүртдэг байв. Харамсалтай нь хувьсгалын шуурганд "Талаат Моустафа Групп Холдинг" корпорацийн ашиг тухайн ондоо 39 хувийн алдагдал хүлээсэн нь шууд утгаар сүйрэл болжээ.

Одоо "Талаат" корпораци хоёр жилийн өмнө эргэлдүүлдэг байсан хэдэн сая ам.долларын зах зээлээ нэгэнт алдаж дотоодын зах зээлээ олж авахыг хичээж байна. Тиймээс "Арабын хавар" олон жил төрийн суудалд сууж байсан удирдагчаа авч хаяхын зэрэгцээ урт хугацааны бат, бөх суурьтай эдийн засгаа түлхэн унагаажээ.

Т.БАТСУГАР

Эх сурвалж: "Нийгмийн толь" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж