Тэтгэлэг тараахад зөрчил гаргасан сургуулиудыг нэрлэв

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

Тэтгэлэг тараахад зөрчил гаргасан сургуулиудыг нэрлэв

БСШУЯ, Монголын оюутны холбоо хамтран өнгөрсөн долоо хоногт оюутны 70200 төгрөгийн олголтод шалгалт хийсэн билээ. Оюутнуудын зүгээс зарим их, дээд сургуулийн удирдлага оюутанд олгох ёстой тэтгэлгийг сургалтын төлбөрийн үлдэгдэлд авч, кредит цагийг нэмж суутгаж байна гэх зэрэг санал, гомдол ирсэн тул дээрх шалгалтыг эхлүүлсэн байна. Шалгалт хийх явцад зарим сургуулиудад зөрчил илэрсэн тул Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль, Журам батлах тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 19 дүгээр тогтоолын хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр тушаал гаргажээ. Үүнд их, дээд сургуулиуд  дахиж зөрчил гаргахгүй байхыг анхааруулсан, мөн оюутны тэтгэлгийг олгохгүй удаах, өөр зүйлд ашиглавал цаашид сургалтын эрхлэгчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүртэл заалт гаргасан байна.

Дараах сургуулиуд 70200 төгрөгийн тэтгэлэг тараахдаа зөрчил гаргасан байна. Үүнд:

  • МУИС-ийн Хими, химийн инженерчлэлийн сургууль
  • Үндэсний биеийн тамирын дээд сургууль
  • “Улаанбаатар эрдэм оюу” дээд сургууль
  • “Маргад”, “Газарчин”, “Сэрүүлэг”, “Хүрээ”,
  • “Хөдөлмөрийн дээд сургууль”  зэрэг дээд сургуулиуд үндэсний тэтгэлгийг олголгүй, сургалтын төлбөрт суутгах, бусад зүйлд ашиглаж байжээ. Гаргасан зөрчлийг ажлын хэсэг газар дээр нь таслан зогсоосон байна.

Оюутны тэтгэлгийн хоёр, гуравдугаар сарын 70200 төгрөг дөрөвдүгээр сарын эхээр сургуулиудын дансанд байршина.

                                Д.Жаргалсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж