Хүчилд түлэгдсэн бүсгүй амиа хорложээ

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

Хүчилд түлэгдсэн бүсгүй амиа хорложээ

Хүчилд түлэгдэж, арав гаруй жил нүүр, биеийнхээ арьсанд нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байсан пакистан эмэгтэй амиа хорложээ. Бүжигчин байсан 33 настай Фахра Юнусыг Пакистаны улс төрийн нөлөө бүхий бүлэглэлийн гишүүний хүү, хуульч нөхөр нь хүчлээр түлж зэрэмдэглэсэн юм. Фахра Юнус энэ сарын 17-нд  эмчилгээ хийлгэж байсан Ром хот дахь байрны зургаан давхраас үсэрч амиа хорлосон байна. Бүсгүйн цогцсыг Пакистан руу буцаажээ. Фахра Юнусыг хүчлээр түлж, аймшигтай зэрэмдэглэсэн дээрх хэрэг олон нийтийн эгдүүцэл, зэвүүцлийг төрүүлсэн бөгөөд бүсгүйн амиа хорлосон тухай мэдээ хэргийг дахин сөхөхөд хүргэжээ. Пакистаны кино найруулагч хүчилд түлэгдсэн эмэгтэйчүүдийн тухай баримтат кино бүтээсэн нь “Оскар”-ын шагнал хүртсэн билээ. Харин Фахра Юнус түүнээс хойш ердөө сар хүрэхгүй хугацааны дараа амиа хорлосон байна. Фахра Юнусын түүх Пакистаны хэт хуучинсаг, эрчүүдийг тахин шүтсэн соёл, уламжлал, хууль эмэгтэйчүүдэд шударга бус хандаж, баян, эрх мэдэлтэй хүмүүс ял шийтгэлгүй өнгөрдгийг харуулсан юм.  Эхнэрээ хүчлээр түлсэн Билал Харын хэргийг цагаатгасан аж. Түүнийг хэргээс мултрахын тулд танил тал, эрх мэдлээ ашигласан гэдэгт олон нийт эргэлздэггүй. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Аурат” сангийн судалгаагаар 2011 онд Пакистанд хүчлээр түлүүлсэн, хүчинд автаж гэрлэсэн, хүчирхийллийн золиос болсон 8,500 гаруй тохиолдол бүртгэгджээ. Гэвч дээрх тоо баримт нь хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн хэргүүд бөгөөд бодит тоо үүнээс ч их байх магадлалтай гэнэ. “Аурат” сангийн нэгэн гишүүн “Хамгийн харамсалтай зүйл бол Пакистаны тогтолцоо  хохирогч эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, нөхөн олговор олгохгүй. Фахра Юнус үүнийг ойлгож байсан. Бүсгүй шударга ёс байхгүй гэдгийг ойлгоод горьдлого тасарсан” гэжээ. Фахра Юнус хүүгийнхээ аав, ирээдүйн нөхөртэй танилцах үедээ Пакистаны өмнөд дэх Карачи хотын улаан дэнлүүний гудамжинд бүжиглэдэг насанд хүрээгүй охин байжээ. Харин түүний нөхрийн хувьд гуравдахь гэрлэлт байсан юм. Фахра Юнус түүнтэй гурван жил хамт амьдраад салсан аж. Нөхөр нь түүнийг зодож, доромжилж, хүчирхийлдэг байсныг бүсгүй тэвчсэнгүй. 2000 оны тавдугаар сард бүсгүйг ээжийндээ унтаж байхад нөхөр нь гэрт орж, түүний дээрээс хүчил асгасан юм. Фахрагийн өмгөөлөгчөөр түүний нөхрийн хуучин эхнэр нь ажиллаж, энэ хэрэгт олон улсын анхаарлыг хандуулсан. Фахра Юнусын түлэгдэл бусад хохирогчдынхоос илүү аймшигтай байсан гэдэг. Бүсгүй аймшигтай зовж тарчилсан бөгөөд түүнийг үхчихлээ гэж бодох үе олон байсан талаар нөхрийнх нь хуучин эхнэр дурсамжийн номондоо бичжээ. Тэрбээр “Фахрагийн хамар хүчилд түлэгдсэн учраас амьсгал ч чаддаггүй байсан. Амандахь гуурсаар арай гэж л амьсгалдаг байсан. Гэр бүлдээ мөнгө авчирдаг ганц хүн нь байсан Фахра ингэж хүний гарт орсон аж. Харин түүнийг ийм болгосон нөхөр нь хийсэн хэргээ үгүйсгэж, телевизээр өгсөн ярилцлагадаа адилхан нэртэй өөр хүн хийсэн гэж ярьсан юм. Түүгээр ч зогсохгүй Билал Хар хэвлэлийнхнийг нэр төрд нь халдаж байна гэсэн билээ. Тэрбээр "Би гурван охинтой. Тэд маань энэ хэргээс болж хичээлдээ ч явах дургүй болоод байна. Тиймээс та бүхнээс хүндэтгэлтэй хандахыг хүсч байна” гэжээ.  Фахра Юнус хамгийн сүүлчийн ярилцлагадаа "Хүний амьдралыг там болгосон ийм хүмүүст адилхан шийтгэл хүлээлгэхийг хүсдэг” гэж ярьсан юм. Италийн Засгийн газар түүний эмчилгээний зардал, байр, хүүхдийнх нь сургуулийн төлбөрийг гаргасан аж. Тэрээр эдгэснийхээ дараа Пакистанд очиж, хэргийг дахин сөхөж, өөрийнхөө төлөө тэмцэнэ гэж ярьдаг байжээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж