Нигерь бүсгүйн өөрчлөлт хийх амлалт

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

Нигерь бүсгүйн өөрчлөлт хийх амлалт

Дэлхийн банкны
захирлын суудалд Нигерь улсаас Нгози Оконжо-Ивэала өрсөлдөж байгаа
билээ. Тэрбээр өчигдөр хийсэн мэдэгдэлдээ сонгогдох аваас албан
тушаалынхаа эхний өдрөөс эхлэн тус байгууллагыг илүү хариуцлагатай
болгохын төлөө ажиллана хэмээжээ. Мөн тэрбээр CNN агентлагийн сэтгүүлч
Речард Квэстэд өгсөн ярилцлагадаа өөрийгөө тус албан тушаалд хамгийн
тохирох хүн гэж тодорхойлсон юм. Хатагтай Нгози Нигерь улсын Сангийн
Сайдын үүргийг гүйцэтгэж байсан бөгөөд түүний энэ салбарт ажилласан 25
жилийн туршлага Дэлхийн банкны захирлын албад тохирох өрсөлдөгч болгож
байгаа аж. Нгози хэлэхдээ “Удирдах ажилтан атлаа хагас жил эсвэл жил
гаруй хугацаанд зөвхөн байгууллагаа хэрхэн ажилладгийг судлан өнгөрөөж
болохгүй. Миний хувьд эхний өдрөөсөө л удирдарчийн үүргээ биелүүлж
эхэлнэ” гэв.

Харин Америк улсаас нэр дэвших
өрсөлдөгчөөр тус улсын Ерөнхийлөгч Барак Обама Dartmouth коллежийн
захирал Жим Ёнг Кимийг сонгон өнгөрсөн баасан гарагт танилцуулсан байна. 

Хэдийгээр Дэлхийн банкны үйл ажиллагаа хөгжиж буй орнууд руу голлон
чиглэдэг ч америкчууд тус байгууллагыг удирдсаар ирсэн билээ. Дэлхийн
банк шинэ захирлаа ирэх сарын 16-нд болох хурлынхаа үеэр томилох ажээ.   

Нигерийн нэр дэвшигч хатагтай Нгози Америк өрсөлдөгч Кимийг таатай
хүлээн авч байгаа ч өмнөх захирлуудын олонхын адил эдийн засгийн
салбарын хүн биш гэдгийг онцолж байлаа. Мөн тэрбээр “Би огтхон ч
сандрахгүй байна. Дэлхийн банкны хувьцаа эзэмшигчид энэ “сонгуулийг”
эрдэм, чадвар дээр үндэслэн шударга явуулна гэж амласан. Захирлыг сонгох
асуудал нь ямар нэг нэр томъёо биш. Энэ бол баримт, туршлага, бодит
байдал. Өнөөдөр дэлхий дээр хэдэн зуун сая ядуус аж төрж байна. Тэдэн
рүү чиглэсэн зөв бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ л миний гол үүрэг
байна” хэмээн ярьжээ. Нгози нь Харвардын Их Сургуулийг эдийн засгийн
чиглэлээр дүүргэсэн бөгөөд Дэлхийн банкинд алба хашиж байсан туршлагатай
нэгэн. Хэрэв түүнийг энэ албан тушаалд сонговол хатагтай Нгози хөгжиж
буй зах зээлтэй улс оронд дэлхийд өрсөлдөх боломжийг нээн өгөхийн
зэрэгцээ цаашид дэлхийн эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмрийг нь
дэмжих болно гэдгээ хэлсэн. Нгози Оконжо-Ивэалаг Өмнөд Африкаас нэр
дэвшүүлсэн бөгөөд бусад Африкийн орнууд ч дэмжиж байгаа гэнэ. 

Солонгос гаралтай Америкийн нэр дэвшигч Жим Ёнг Ким нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад удирдах алба хашиж байжээ.

Дэлхийн
банк нь Олон улсын валютын сантай цуг 1944 онд Дэлхийн II дайны дараах
эдийн засгийн байдлыг сэргээх зорилгоор байгуулагджээ. Одоогоор нийт 187
гишүүн оронтой ба хөгжлийн томоохон төслүүдэд зээл, буцалтгүй тусламж
олгон дэмжин хэрэгжүүлдэг байна. 

Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Дэлхийн банк Америк удирдагчтай
байсан бол Олон улсын валютын санг европчууд залж байсан. Хоёр
байгууллага гишүүн буюу хувьцаа эзэмшигчдээсээ санхүүждэг бөгөөд
захирлыг нь сонгох үйл явцад ТУЗ-ийн хамгийн нөлөө бүхий гишүүд шийд
гаргадаг аж. Эцсийн шийдвэрийг Дэлхийн банкны ТУЗ гаргах бөгөөд
Америкийн нэр дэвшигч сонгогдох магадлалтай гэсэн урьдчилсан таамаг
байна. Учир нь АНУ Дэлхийн банк болон Олон улсын валютын сангийн хамгийн
том хандивлагч орон бөгөөд нийт хувьцааны 16 хувийг эзэмшдэг аж. АНУ,
Европ нийлээд байгууллагын хувь эзэмшлийн тал хувийг атгадаг тул
удирлагыг сонгох асуудалд хамгийн их нөлөө үзүүлдэг байна.

Б.Үүрийнтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж