Болгар атомын станц барих шийдвэрээ цуцаллаа

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

Болгар атомын станц барих шийдвэрээ цуцаллаа

Болгар улс атомын цахилгаан станц барихаар төлөвлөж байснаас ухарч, оронд нь хийн цахилгаан станц барихаар болсон тухай ВВС мэдээлэв. Тэд Румын улсын хилийн ойролцоо Белене гэдэг газарт атомын цахилгаан станцын барилгын ажлыг эхлүүлсэн байсан бөгөөд ОХУ-аас цөмийн реактор авахаар тохиролцсон байжээ. Харин одоо Болгар улс АЦС-ыг барих зардлыг дийлэхгүй болсон гэж тус улсын Ерөнхий сайд Бойко Борисов мэдэгдсэн юм. АЦС-ын барилга байгууламжид одоо зургаан тэрбум евро хэрэгтэй байгаа ажээ. Харин ОХУ-аас авах  нэг реактораа одоо ажиллаж байгаа Козлодуи АЦС-д долдугаар блок болгон тавихаар шийдвэрлэсэн байна.

Байгаль орчны төлөө тэмцэгчид АЦС барихыг  эсэргүүцсээр байгаа юм. Социалист нийгмийн үед шийдсэн Белене АЦС-ын асуудал нь ОХУ болон Болгарийн хооронд удаан хугацааны маргааныг бий болгосон аж. ОХУ-ын Атомстроиэкспорт компани Белене АЦС-ын хоёр реакторыг үйлдвэрлэхээр хэлэлцээр хийсэн бөгөөд одоо нэг реактор нь бэлэн болсон юм.

Болгарын Эдийн засаг, эрчим хүчний сайд Делюн Добрев Москва хотод пүрэв гаригаас эхлэн айлчилж байгаа бөгөөд Атомстроиэкспорт компанийг хуулийн зарга үүсгэхгүй байх  яриа хэлэлцээ хийх зорилготой байгаа юм.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж