Хаврын чуулганаар 11 асуудлыг нэр зааж хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

Хаврын чуулганаар 11 асуудлыг нэр зааж хэлэлцэнэ

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу УИХ-ын ээлжит чуулган эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө УИХ-ын дарга хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоох учиртай. Энэ дагуу УИХ-ын дарга өнгөрсөн мягмар гаригт харвын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоосон захирамжаа гаргасан юм. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн өнөөдөр сэтгүүлчдэд товч мэдээлэл хийлээ. Захирамжид зааснаар 11 асуудлыг нэр зааж хэлэлцэхээр тогтож, бусад асуудлын хүрээнд шаардлагатай асуудлыг ярьж болох юм гэж УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар шийдвэрлэсэн тухай тэрбээр онцолсон юм.

Тухайлбал, хэлэлцэх асуудлын нэгдүгээрт өнгөрсөн намрын ээлжит чуулганаар яригдаж байсан Байгаль орчныг хамгаалах багц хуулийн төслүүдийг багтаасан байна. Багц хуулийн хүрээнд Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон шинээр оруулж ирж буй бие даасан болон шинэчлэн найруулсан нийт 10 хууль бий гэнэ. Эдгээр хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дэргэд УИХ-ын гишүүн Л.Гансүхээр ахлуулан байгуулсан байна. Нийт 15 гишүүнээс бүрдсэн ажлын хэсэг хоёр удаа хуралдсан ч ажил нэлээд удааширч буй гэнэ.

Хоёрдугаарт,  Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж шийдвэрлэхээр тогтсон байна. Сүүлийн үед эрүүл мэндийн салбарт хийгдэж буй ажлын нэг ололт элэг шилжүүлэн суулгах эмчилгээтэй холбоотой асуудлыг зохицуулах зайлшгүй шаардлага байна гэж үзэн Засгийн газраас төсөл өргөн мэдүүлжээ.

Мөн Засгийн газраас болон УИХ-ын гишүүн Н.Ганбямба нараас тус тус өргөн мэдүүлсэн Инновацийн тухай хуулийн төслийг нэгтгэн хэлэлцэхээр тогтсон байна.

Жагсаалтын дөрөв, тавдугаарт  Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлогыг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхээр оруулжээ.

Түүний мэдээлснээр дээрх асуудлуудын араас хуулиар заасан хугацаатай, зайлшгүй шийдвэрлэх асуудлуудыг оруулжээ.  Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээллийг УИХ зайлшгүй хэлэлцэх ёстой. Тиймээс сонгуульт жил сонгуулийг зарлахаас өмнө улс орны нийгэм, эдийн засгийн байдал ийм байна гэдгийг хэлэлцэн олон нийтэд хүргэх юм байна. 

Түүнчлэн Улсын Их Хурлын ээлжит сонгууль товлон зарлах тухай тогтоолын хэлэлцэн батлах нь Сонгуулийн тухай хуулиар санал хураалт явуулахаас 60-аас доошгүй хоногийн өмнө ээлжит сонгуулиа товлон зарласан байх учиртай.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэн, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай,  Монгол Улсын 2011 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан батлах тухай тогтоолын төслүүдийг ирэх чуулганаар хэлэлцэхээр жагсаажээ.

Харин бусад асуудлын хүрээнд УИХ-аар хэлэлцэгдэж байгаа болон зайлшгүй шаардлагатай гэж үзэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн асуудлыг холбогдох Байнгын хороод бэлтгэлийг хангавал хэлэлцэж болох юм гэсэн байдлаар тусгажээ.

УИХ-ын Тамгын газраас нэр дурдсан асуудлуудын хэлэлцүүлгийн бэлтгэлийг хангахаар эрчимтэй ажиллаж байгаа гэж тэрбээр хэллээ. Энэ хаврын чуулган сонгуулийн үетэй давхцаж байгаа онцлогтой. Өмнөх жилүүдийг харахад чуулганы үйл ажиллагаа ирэх тавдугаар сарын 10-д хүртэл эрчимтэй өрнөн,  түүнээс хойш чуулган түр завсарладаг практик байгаа аж. Тиймээс энэ асуудлыг тухайн үед нь шийдвэрлэхээр УИХ-ын даргын зөвлөл тогтсон байна. 

Орон нутгийн сонгуулийн тухай хууль хэлэлцэх асуудлын дарааллын хаахна яваа вэ гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр, “УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, З.Энхболд нарын тус тус өргөн мэдүүлсэн Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөл одоо хэлэлцүүлгийн нэгдүгээр шатанд яваа. Хууль зүйн талаас аль ч хувилбараар шийдэж болох бэлтгэлийг үндсэнд нь хангасан. Бусад асуудлын хүрээнд энэ асуудлыг хэлэлцье, бэлтгэлийг хангаач, намын бүлгүүд саналаа нэгтгээч гэсэн чигийг УИХ-ын дарга зөвлөлийн хурал дээр өгсөн байгаа. Тийм болохоор бусад асуудлын хүрээнд ярилцах боломжтой” гэж хариуллаа.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж