-Юуны өмнө танд Ерөнхийлөгчийн сонгуульд ялсанд тань баяр хүргэе. ОХУ-ыг ойрын хэдэн жилд та удирдахаар боллоо. Үүнээс яриагаа эхэлье?
-Өнгөрсөн, одоо, ирээдүй. Өнгөрсөн он жилүүдэд манай ард түмэн дэлхийн түүхэнд амсаж байгаагүй том хохирол, байгуулж байгаагүй том гавьяаг байгуулж чадсан. Орос бол асар их туршлагатай, хүчтэй, бас сайхан орон. Үүгээрээ бид бахархдаг. Гэхдээ бид улс орондоо шинэчлэл хийх хэрэгтэй байгааг би ойлгож байна. Тиймээс шинэ сонголт хийх шаардлага Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ард иргэдэд тулгараад байсан. Үүнийгээ ч тэд илэрхийлж, хүчтэй, зорилготой, туршлагатай хүнийг сонгосон гэхэд буруудахгүй байх. Тэр ч үүднээсээ тэдэнд улс орны эдийн засгийн, стратегийн, бодлогын, хөгжлийн, эрх чөлөөний урт удаан баталгааг өгөх цаг ирж байна. Орос хүн болгон жаргалтай амьдрах цаг ирсэн. Ирээдүйд Оросууд ямар нэгэн асуудалгүй, зовлон зүдгүүргүй сайхан амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаа. Тийм бололцоо ч бий. Ирээдүйнхээ төлөө хэн ч зөв сонголт хийхийг зорино. Тэд ч тэгсэн. Үүний илрэл бол сонгуулийн дүн гэж ойлгож болно.
-Сонгуулийн үеэр таныг эсэргүүцэж байсан хүмүүсийн эсэргүүцэл намжсан бололтой?
-Ганц л зүйлийг ойлгох хэрэгтэй. Би нэг жишээ хэлье. Сонгуулийн үеэр хүмүүс юу гэж л бүгдээрээ миний төлөө саналаа өгөх вэ дээ. Тодорхой хэмжээний үзэл бодол, байр суурь өөр хүмүүс байх нь ойлгомжтой. Дор хаяж сөрөг хүчнийхэн миний эсрэг зогсох нь тодорхой. Гэхдээ сайн сайхан ирээдүйн төлөө, өөрсдийн амьдралын өөрчлөлтийн төлөө тэд сонголтоо хийсэн. Үүний талаар дахин сөхмөөргүй байна. Сонгууль болсон. Санал өгсөн. Бид ялсан.
-Дотоодын гэхээс илүү гадаадын, олон улсын эргэн тойронд таны орон зай дутагдаж байгаа юм шиг санагдах юм. Энэ талаар байр сууриа илэрхийлнэ үү?
-Би үүнийг үгүйсгэхгүй. ОХУ олон улсад ямар байр суурьтай вэ гэдгийг л илэрхийлж байгаа тод жишээ. Үүнийг надаар хэлүүлэлтгүй ойлгосон гэдэгт итгэлтэй байна. Нөгөө талаас ОХУ олон улсад ямар үүрэг гүйцэтгэж байгаа бол. Та юу гэж бодож байна вэ. Үүрэг гүйцэтгэх тал дээр өөр асуудал яригдана. Харин нөлөөны талаар асууж байвал би хариулт өгөх боломжгүй шүү дээ. Юун түрүүнд эдийн засгийн чадамжаа баталгаатай болгох хэрэгтэй. Европ өнөөдөр ямар хүнд байдалтай байна вэ. Хэдхэн орон санхүүгийн хямралд ороход бусад нь нөхцөл байдалд чирэгдэж байна. Манай улс ч нөлөөлж байгаа. Энэ бүхэнд манай улсын дотоодын эдийн засаг, санхүүгийн чадамж чухал ач холбогдолтой. Бидэнд нааштай үр дүн үзүүлэхүйц төлөвлөгөө бий. Үүнийг эдийн засгийн баталгаа бүхий төлөвлөгөө гэж тайлбарлаж болно.
-АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама “Цөмийн зэвсгийн тоог бууруулахад бэлэн” хэмээн мэдэгдсэн. Цөмийн зэвсэгтэй, цөмийн эрчим хүчтэй орнуудын байр суурийг сүүлийн долоо хоногт дэлхий нийт хангалттай сонссон болов уу. АНУ-ын байр суурийг та хэрхэн хүлээж авсан бэ?
-Цөмийн аюулгүй байдлын олон улсын II саммит Сөүл хотноо болсон. Саммитийн өмнө Сөүлд ирсэн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама солонгос оюутнуудтай уулзан цөмийн аюулгүй байдлын талаар санал бодлоо солилцсоныг би сайн санаж байна. Түүний хэлсэн үгнээс “Байх ёстой хэмжээнээс хэтэрсэн их хэмжээний цөмийн зэвсэг манайд байна” гэсэн нь онцгой анхаарал татсан. Шаардлагад нийцсэн, хангалттай гэж байгаа юм шиг л сонсогдсон. Тухайн үед Москвагаас тэдэнд хандан мэдэгдэл хийсэн. Мэдэгдэлд “Сөүлийн саммит дээр даяарчлалын шинж чанартай санаачилгыг дэвшүүлэхгүй” гэсэн байр суурийг илэрхийлсэн.
-Ирэх арваннэгдүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж буй Митт Ромни ОХУ-ыг шүүмжилсэн. Энэ тал дээр одоогийн Ерөнхийлөгч Д.Медведев шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлсэн. Тэр ч байтугай “М.Ромни тархиа ашигламаар юм” гэж байсан. Таны хувьд?
-Түүний хэлсэн үг бүрт ямар нэгэн утга агуулагдаж буйг тэрбээр сайн ойлгож байгаа байх. Хэлсэн үгнээс нь дайн дажин, хүчирхийлэл “ханхалж” байгааг бүгд харж байна. Магадгүй ОХУ-ыг шүүмжилснээр түүний Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулах “тийз” болно гэж найдсан бололтой. Тэгвэл эндүүрчээ. Товчхондоо, түүний хэлсэн үг хоёр улсын хүйтэн дайны дурсамжийг сэргээсэн бололтой. “Буруу сэдвээр оролдож буй нэр дэвшигч” гэж түүнийг л хэлнэ байх. Үүнд ач холбогдол өгөхгүй байна.
-ОХУ-ын дэд Ерөнхий сайд Владислав Сурков БНХАУ-д айлчлахдаа олон зүйлийн талаар ярилцсан. Үнэнийг хэлэхэд, Оросын шинэ өрсөлдөгч бол БНХАУ гэдэгтэй та санал нийлж байна уу?
-БНХАУ бол манай мөнхийн сайн хөрш. Тэр ч утгаараа хоёр улсын хамтын ажиллагаа ойрын гэлтгүй хэдэн зууны турш эвсэг сайхан харилцаатай байна гэдэгт итгэж байна. Эдийн засгийн хувьд хүчтэй болж буй нь хөрш зэргэлдээ манай улсын хувьд ч таатай мэдээ. Хүчирхэг хөршийн хамтын ажиллагаа улам өргөжиж байна. Үүнд би сайшаалтай хандаж байгаа.
"Улс төрийн тойм" сонин