Засгийн газарт шаардлага хүргүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

Засгийн газарт шаардлага хүргүүлэв

Монголын байгаль орчны төрийн бус байгууллагуудын холбоо, Байгаль орчны иргэний зөвлөл, Ногоон загалмай нийгэмлэгийнхэн болон цөмийн хог хаягдлын эсрэг тэмцэгч хүмүүс өнөөдөр “Цөмийн аюулгүй Монгол орны төлөө” цуглааныг Сүхбаатарын талбайд хийлээ. Ингэхдээ жагсагчид цөмийн хаягдлын эсрэг уриа лоозон барьцгаан, шар туузан дээр дэмжигчдийн гарын үсгийг цуглуулж байсан. Тэд Монгол Улсад цөмийн хог хаягдлыг булшлах, атомын цахилгаан станц барихыг хориглож,  цөмийн энергийн тухай хууль тогтоомжоо эргэн харж, ард иргэдээ энэ аюулд өртүүлэхгүй байхыг төрийн эрх баригчдаас шаардсан юм. Тиймээс энэ үйлдлийг эсэргүүцэж, байгаагаа илэрхийлэн жагсаал хийн, Засгийн газарт есөн заалт бүхий шаардлага хүргүүллээ. Энэ талаар Монголын байгаль орчны ТББХ-ны ерөнхийлөгч, доктор Ж.Батболдоос тодрууллаа.

-Жагсаалын зорилгыг дэлгэрүүлбэл?

-Монгол Улс эрдэс баялгийн асар их нөөцтэй. Уран олборлож, атомын цахилгаан станц барихгүйгээр оршин тогтнож, хөгжлийнхөө замд явж чадна. Түүнчлэн Японы Фүкүшимагийн атомын цахилгаан станцын ослын дараа дэлхий нийт цөмийн энерги, АЦС-ын талаарх бодлогоо эргэн харж, татгалзаж эхэлж байна. Харин Монгол Улс АЦС байгуулах, цөмийн хог хаягдлыг булшлах тухай асуудал сүүлийн жилүүдэд ил, нууц байдлаар их яригдах болсон. Ард түмэнд энэ талаарх мэдээлийг ил тод болгох, цөмийн энергийн тойрсон бусармаг үйлдлийг эсэргүүцэж, шаардлагаа хүргүүлнэ.

-Шаардлагыг Засгийн газарт хүргүүлээд, хэрэгжүүлэхгүй бол яаж тэмцэх вэ?

-Шаардлагыг Засгийн газар уншиж танилцаад, 14 хоногийн дотор бичгээр хариу мэдэгдэхийг хүсч байгаа. Түүнчлэн шаардлагыг үл тоомсорлон, биелүүлэхгүй байвал тэмцлийн хурц хэлбэрийг сонгон, олныг хамруулсан хөдөлгөөнд уриална. Ард түмнийхээ эрх ашиг, эрүүл амьдрахын төлөө биш амин хувийнхаа ашгийг хөөцөлдсөнийг зарлаж, шаардлагыг хүлээн авч хэрэгжүүлээгүй нэр бүхий хүмүүстэй энэ жил болох сонгуулийн үеэр тэмцэнэ. 

Монгол Улсын засгийн газарт хүргүүлсэн шаардлагад,

  1. Монгол Улсын ерөнхий сайд С.Батболд 2012 оны гуравдугаар сарын 10-13-нд Япон улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр цөмийн энергийн салбарт хамтран ажиллах талаар байгуулсан далд гэрээ хэлцлийг олон нийтэд ил болгох
  2. Цөмийн хаягдлыг Монголд булшлах талаар өмнө нь хийсэн оролдлого, нууц хэлцлүүдээ ил тод болгож, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох, хэрэв тийм оролдлого үнэхээр байгаагүй бол Ерөнхий сайд С.Батболд өөрийн биеэр ард түмэндээ “Ийм зүйл байгаагүй” гэдгээ батлан мэдээлэх
  3. 2009 онд зөвхөн ашиглалтыг дэмжих зорилгоор баталсан Цөмийн энергийн тухай хуулиас лиценз олгох, уран хайх, ураны түүхий эдийг олборлох, баяжуулах, АЦС байгуулах, цөмийн хаягдал булшлах тухай заалтуудыг нэн даруй хүчингүй болгох
  4. Хайгуул ашиглалтын лиценз олгох зорилгоор байгуулсан Цөмийн энергийн газрын удирдлагатай хариуцлага тооцох, татан буулгах
  5. Уран хайх, олборлох бүх лицензүүдийг цуцлах, цаашид олгохгүй байх     
  6. Францын “Арева” зэрэг компаниудын уран олборлолт, баяжуулалтыг нэн даруй зогсоож, ийм чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар зэхэж буй гадаадын компаниудын үйл ажиллагааг хориглох тухай шийвэрийг нэн даруй гаргах
  7. Хэрэв Монгол Улс цөмийн энергийг ашиглахгүйгээр эрчим хүчний хэрэгцээгээ хангаж чадахгүй гэж төр засаг үзэж байгаа бол энэ үндэслэлээ ард түмэнд тайлбарлан, санал асуулга явуулах
  8. Цөмийн энергийг ашиглах, уран олборлох, баяжуулах АЦС байгуулах талаар ойрын үед төрийн бус байгууллагуудыг оролцуулан Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д хэлэлцүүлэг зохион байгуулах
  9. Цацраг идэвхт бодис, цөмийн аюул, хаягдал, цөмийн терроризмын талаар ард иргэдийг мэдээллээр хангах, хор холбогдлыг ойлгуулах, сэрэмжлүүлэх, Цөмийн энергийн тухай хуулийг цөмийн хор хөнөөлөөс хамгаалах хууль болгон сайжруулах зэрэг багтжээ.
У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж