Францын тусгай албыг шүүхэд өгөв

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

Францын тусгай албыг шүүхэд өгөв

Тулузын зэвсэгт этгээд Мохаммед Мерагийн аав хүүгийнхээ үхэлд Францын цагдаа нарыг буруутгаж, шүүхэд өгчээ. Францын мэдээллийн хэрэгслүүд түүнийг алжир өмгөөлөгч хөлсөлсөн гэж мэдээлж байна. Аль-Кайда бүлэглэлтэй холбоотой гэх 23 настай Мохаммед Мераг Францын өмнөд хэсгийн хоёр хотод гарсан гурван өөр халдлагад сэжиглэж байсан юм. Мохаммед Мера өнгөрсөн долоо хоногт Францын цагдаа нарын тусгай ажиллагааны үеэр буудуулж амиа алдсан. Мохаммед Мерагийн аав хүүгээ гэм буруугүй гэж үзэж байгаа бөгөөд цагдаа нар түүнийг хороосон гэж буруутгаж буйгаа өмгөөлөгчөөр дамжуулан мэдэгдсэн байна. Гэмт хэргийн сэжигтний аав шүүхэд гомдол гаргасан нь улс төрчдийн зүгээс хатуу шүүмжлэлтэй тулгарчээ. Францын Гадаад хэргийн сайд Ален Жюппе “Хэрэв би алуурчны аав байсан бол амиа хамхиж явах байсан” гэсэн байна. Мохаммед Беналал өчигдөр Алжирын нэгэн өмгөөллийн товчоонд хандаж, Францын тусгай алба хүүг нь баривчлахдаа зайлшгүй авах арга хэмжээг мөрдөөгүй, хүүг нь санаатай хөнөөсөн гэж шүүхэд гомдол гаргах хүсэлтээ илэрхийлжээ. Францын цагдаа нар Мохаммед Мераг буудаж хөнөөсний дараа ахыг нь баривчилж, байцаасан аж. Мохаммед Беналал хөвгүүдээ Аль-Кайдатай ямар ч холбоогүй гэдэгт итгэлтэй байна. Тэрбээр хүүгийнхээ цогцсыг Алжирт оршуулах хүсэлт тавьсан боловч тус улс хүсэлтийг нь хүлээж аваагүй байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж