“Minetech 2012” болж байна

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

Монголын уул уурхайн үндэсний ассоциациас уламжлал болгон зохион байгуулдаг уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэгчид, үйлчилгээ үзүүлдэг компаниудыг нэг дор цуглуулах  “Minetech 2012” үзэсгэлэн худалдаа гуравдугаар сарын 28-30-ны өдрүүдэд “Мишээл” экспо төвд болж байна. Тав дахь жилдээ болж буй уг үзэсгэлэн худалдаанд энэ жил АНУ, ХБНГУ, Польш, БНХАУ, БНСУ, Турк, Австрали, ОХУ зэрэг гадаад  дотоодын 75 гаруй аж ахуйн нэгж оролцож байна.

Үзэсгэлэн худалдаа нь уул уурхайн салбар эрчимтэй хөдөлгөөнд орж буй энэ үед үйл ажиллагаагаа явуулах үндсэн хэрэгцээ болсон тоног төхөөрөмжийг нэг газраас худалдан авах, ажил хэргийн түншлэл тогтоох зэрэг үйл хэрэгт ихээхэн түлхэц үзүүлэх зорилготой гэж зохион байгуулагчдын зүгээс онцолж байгаа юм. Үзэсгэлэнгийн талаар Монголын уул уурхайн үндэсний ассиоциацийн ерөнхийлөгч Д.Дамба “Өмнө нь хэд хэдэн удаа зохион байгуулсан учир цар хүрээ өргөжсөн байна. Машин, тоног төхөөрөмжүүд үзэсгэлэнгийн зай талбайд багтахад хэцүүхэн байгаагаас харвал цар хүрээ хэр том болсныг хэлж болохоор байна. Өнгөрсөн жил 50 гаруй аж ахуйн нэгж оролцож байсан. Уул уурхайн үндсэн тоног төхөөрөмж буюу эксковатор, бульдозер, хүнд даацын машин механизмыг танилцуулдаг байсан бол одоо уул уурхайн ангилан буталдаг тоног төхөөрөмжүүдийг танилцуулж байна. Мөн нэг онцлог бол жижиг үйлдвэрчлэгчид оролцож, нөгөө талаараа худалдан авагч,оролцогч нар оролцож байна” хэмээв.

Үзэсгэлэнд уул уурхайн хүнд даацын машин, механизм болон үйл ажиллагаанд нь зайлшгүй хэрэгтэй тоног төхөөрөмжүүдийг танилцуулж байна. “Minetech-2012” үзэсгэлэнд оролцож буй компаниудын төлөөллөөс танилцуулбал,

“Коммод” ХХК-ийн захирал Ч.Батзориг:

-Үзэсгэлэнд ямар тоног төхөөрөмж танилцуулж байгаа вэ?

-Монголын уул уурхайн үндэсний ассоциациас энэ жилийн үзэсгэлэн яармагт илүү их ач холбогдол өгч оролцож байгаа нь сайшаалтай. Энэ жил 75 гаруй аж ахуйн нэгж оролцож байна. “Коммод” компанийн хувьд  Бельгийн уул уурхайн бутлуур, шигшүүргийн тоног төхөөрөмжийг санал болгож байна.

-Машин тоног төхөөрөмжийн хувьд дотоодын компанийн оролцоо хэр байдаг вэ?

-Манай дотоодын компаниуд дунд ложистик тоног төхөөрөмж нийлүүлдэг газрууд зөндөө байна. Эдгээр нь ихэвчлэн гадаадын том компаниудын албан ёсны борлуулагч байдаг. Жишээ нь, “Hero equipment” компани нь цэвэр монголын хөрөнгө оруулалттай компани бөгөөд “Hyundai”-ын албан ёсны компани. Энэ удаагийн үзэсгэлэнд оролцогсодын 60-70 хувь нь үндэсний компаниуд байна.

“Монхорус интернэшнл” ХХК:

-Эрчим хүчний ямар тоног төхөөрөмжийг танилцуулж байна?

-Дизель цахилгаан үүсгүүрийг бага чадалтайгаас эхлээд нийлүүлсээр байгаад одоо өргөжөөд, станцын хэмжээнд нийлүүлж байна. Үүний том жишээ нь, Ухаа худгийн нөөц цахилгаан станц болох 8мг/б –ыгн хүчин чадалтай дэд станцыг байгуулсан. Энэ нь генератороосоо эхлээд, хуваарилах байгууламж хүртэлх бүх түлшний системтэй нь шийдэж чадсанаараа станцын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байна гэсэн үг юм.

-Хэдийнээс эхэлж үйл ажиллагаа явуулсан бэ. Одоогийн байдлаар төхөөрөмжийг хаана ашиглаж байгаа вэ?

-1997 оноос хойш “FGWilson” брэндийн генераторыг нийлүүлж эхэлсэн.  Засвар үйлчилгээ бүгдийг нь хариуцаад явдаг. Төрийн болон төрийн бус байгууллагуудад байна. Төрийн ордонд ч байна. Тэдгээр газарт нөөц дизелээр тавьдаг.  Энэ нь ерөнхийдөө тог тасарсан нөхцөлд, манай үүсгүүр ажиллана гэсэн үг. Уул уурхайд, том машин механизмынхаа цахилгаан үүсгүүрийг хангахын тулд ашиглаж байна.  Сүүлдээ цахилгаан станц гээд байгаа нь Ухаа худгийн баяжуулах үйлдвэрийн цахилгаан хангамжийг бид шийдэж өгч байна гэсэн үг.

“Нормет” компани:

-Энэхүү тэсэлгээний машины хүчин чадал ямар байдаг вэ?

-Бид Финляндын “Нормет” машиныг танилцуулж байна. 100 мянган еврогоос сая еврогийн үнэтэй тоног төхөөрөмж. Гүний уурхайн, бэхэлгээ, тэсэлгээ, зам засвар болон төмөр  замд ашиглаж болно. Одоохондоо Оюутолгой дээр гүний уурхайн төсөл дээр ажиллаж байна. Голдуу диаметр 5-6 байхаар тунельд ажиллах бололцоотой. Монголд орж ирээд дөрвөн жил ажиллаж байна.
 

“Радком” ХХК:

-“Радком” ХХК нь радио электроникийн бараа, багаж хэрэгсэл, богино,  хэт богино долгионы радио станцуудыг импортлох, худалдаалж байна. Хэрэглэгчид нь “Оюутолгой” ХХК, Дөрөвдүгээр цахилгаан станц, “Хаан палас” ХХК, “Шанд ундарга” ХХК, “Чингис хаан” зочид буудал, “Шарын гол ХХК” зэрэг аж ахуй нэгж, компаниуд ашигладаг. Эдгээр радио станцуудын дундаж үнэ дагалдах төхөөрөмжтэйгээ 500-700 мянган төгрөгийн үнэтэй байна.

“Акума Эрин” ХХК-ийн менежер Ч.Шагдаржав:

-Энэ удаагийн үзэсгэлэнд тос тосолгооны ямар бүтээгдэхүүн таницуулж байна вэ?

-“Акума” төв уул уурхайн тоног төхөөрөмжид хэрэглэх тос тосолгооны бүтээгдэхүүн нийлүүлээд 20 гаруй жил болж байна. Нийтдээ 80 гаруй төрлийн бүтээгдэхүүн байгаа бөгөөд “Heavy dutу” буюу өндөр даацын машин механизмын ажиллагааны горимыг хангасан байдгаараа давуу талтай.

Үзэсгэлэнгийн гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж