
Жүжигчин Ц.Баясгалан “Гэгээн муза-2011” наадамд “Хайрын хурим” салоны дизайнер Б.Ууганцэцэгийн загвараар гоёжээ. Энэ үдэш драмын бүсгүйчүүд 60-70-аад оныг санагдуулам үс засалт сонгосон байсан. Ц.Баясгалангийн орой дээрээ бөмбийлгөн шуусан энэхүү засалтыг “Видал” салоны мастер үсчин н.Болормаа хийжээ. Харин тэрбээр энэ үдэш “Swarovski”-гоор гоёсон нь тун ч дэгжин харагдуулж байсан шүү. Тэрбээр үндэсний үйлдвэрэлээ дэмждэг бөгөөд сүүлийн жилүүдэд “Гэгээн муза” наадмын улаан хивсний ёслолд “Буян” компанийн “Роял Кашмер”, “Шейк” салон, “Монгол костюмс”-ийн үндэсний шинэлэг загвар бүхий хувцсаар гоёж байсан юм. Энэ удаагийн гоёлынхоо тухайд жүжигчин Ц.Баясгалан “Би энэ удаагийн улаан хивсний ёслолд “хурим”-ын хувцас ч юм шиг сайхан хувцас өмсч, хуримын бөгж шиг хээтэй бөгжөөр гоёсон нь яг л “хурим”-д ирж байгаа юм шиг сэтгэгдэл төрж, бахархалтай сайхан санагдаж байна” хэмээн догдлон ярьсан юм.

А.Зул