Эхний шатанд оролцогчид хоолойны өнгөнд тохирсон, дуулах дуртай поп дуугаа хөгжим, фонограмгүй дуулж, өрсөлдсөн. 15-25 насны эрч хүчээр дүүрэн, өөртөө итгэлтэй, авьяаслаг 760 залуугийн дуулах ур чадварыг шүүгчид өөр өөрийнхөөрөө дүгнэн шүүж, оролцогчдын 3-5 минутын хугацаанд багтаан үзүүлсэн дуулалт болон авьяасыг харгалзан үзэж тэнцэнэ, тэнцэхгүй гэсэн шийдвэр гаргаснаар хоёрдугаар шатанд 159 оролцогч тунан үлджээ. Хасагдсан оролцогчдын хувьд өөртөө итгэлгүй байдал, сандрал, хувийн зохион байгуулалт, бэлтгэл муу, хоолойдоо тохирсон дуугаа дуулаагүй зэрэг шалтгаанаар шоуг харамсалтайгаар орхисон юм.
Шоуны нэгдүгээр шатны шалгаруулалт ирэх дөрөвдүгээр сарын 2-ноос “Боловсрол” суваг телевизээр даваа-баасан гаригт үдэш бүр 21.00 цагт, бямба, ням гаригт 19.00 цагт харин “Music box” сувгаар даваа-ням гаригт үдэш бүр 23.00 цагт үзэгчдийн хүртээл болох нь ээ.