Булган сум хүндэт иргэнтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

Булган сум хүндэт иргэнтэй боллоо

Булган аймгийн Булган сум “Хүндэт иргэн”-тэй боллоо. Сумын Засаг даргын Тамгын газраас журам боловсруулан ИТХ-ын тэргүүлэгчийн хуралд оруулж батлуулснаар энэ хүндтэй шагналын анхдагчийг товлож, нэр дэвшүүлсэн ажээ. Тус сумын иргэд Р.Лхамсүрэн гуайг сумынхаа анхны хүндэт иргэн болгоё хэмээн нэгэн дуугаар шийдвэрлэж, дэмжицгээсэн байна. Эдүгээ нас сүүдэр 90-ийн босгон дээр ирээд байгаа Рагчаагийн Лхамсүрэн 1924 онд Хутаг-Өндөр суманд төржээ. Цэргийн алба хааж, эх орноо чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчин. Эрдэм номыг эрхэмлэн тэр үеийн намын дээд сургуулийг төгссөн байна. Тэрбээр Сэлэнгэ, Булган аймгийн хоршоодын холбооны даргын орлогч, хэлтсийн даргаар ажилласны дээр 1964 оноос эхлэн Булган хотын даргын албыг 13 жил хамгийн удаан хугацаанд тогтвортой хашсан буурай ажээ. Олондоо “Хотын дарга” хэмээн алдаршсан түүний ажиллах хугацаанд аймгийн төвд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг, гуанз, зарим орон сууцны барилгын ажлын зэрэгцээ нийтийн  хүч оролцоотойгоор цэцэрлэг гудамжнуудад мод бут тарих ажлыг өргөтгөх, наадмын талбайг засч тохижуулах,  хотын төв хэсэгт зам тавих, гэрэлтүүлэгтэй болгох зэрэг бүтээн байгууллалтын их ажил хийгджээ. Р.Лхамсүрэн удирдан зохион байгуулах буюу “даргалах” авьяас, арга барилаар хотынхондоо хүндлэгдэж байсныг өнөө хүртэл бахархан өгүүлсээр байдаг гэнэ. Түүнд Булган сумын хүндэт иргэний тэмдэг гэрчилгээ гардуулахад иргэд ч “Эзнээ олсон шагнал боллоо” хэмээн бахархан ярьж байлаа.
 

                                                                                                                                     Б.Саран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж