Х.Баттулга УЕПГ-т материал хүргүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

Х.Баттулга УЕПГ-т материал хүргүүлэв

УИХ-ын гишүүн Х.Баттулга, Л.Гүндалай нар өнөөдөр Улсын ерөнхий прокурорын газарт очиж, өнгөрсөн долоо хоногт Авлигатай тэмцэх газарт өгсөн баримт, материалаа хүргүүллээ. Өмнөхийн адил баримтын хувийг өгсний учир нь энэхүү асуудалд прокурорын байгууллага анхаарал хандуулж, хяналт тавьж байхыг сануулсан хэрэг гэлээ.  Гишүүдийн өгсөн баримт материалыг Улсын Ерөнхий прокурорын туслах, Тамгын хэлтсийн дарга Б.Үнэнбат хүлээж авсан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Баттулга “Стратегийн орд газрын жагсаалтыг Ц.Нямдорж УИХ-ын дарга байхдаа тогтоол гаргаж баталсан. Энэхүү тогтоолын нэгдүгээр хавсралтад тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай  дурдсан. Гэтэл Тавантолгой гацчихлаа, Тавантолгойгоос ашиг хүртэнэ гэсэн ард түмний хүлээлт  талаар болох гээд байна. Гэтэл сайд нар нь энэ компанийн барьсан байранд орчихсон байна. Энэ асуудлыг шалгаж тогтоолгохоор АТГ-т хандсан. Аливаа асуудал цаг хугацаа өнгөрөхөд замхардаг жишээ олон. Тиймээс прокурорын байгууллага давхар хяналт тавих ёстой гэдэг үүднээс хандаж байгаа юм” гэв.

Түүнтэй хамт ирсэн УИХ-ын гишүүн Гүндалай  “Засгийн газар УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэхгүй байна. Тавантолгойн стратегийн орд газар юм бол ард түүнээс хувь эзэмших ёстой. Стратегийн орд газарт хамаарагдаж байгаа “Энержи ресурс” гэх олигархуудын бүлэглэлээс бүрдсэн компани орд газрыг маань авсан. Тэр бүлэглэлүүд орд  газрыг дамлаад зарж байгаа.  Жилийн өмнө 700 сая ам.долларын хөрөнгө босгож байгаа  гэж ярих ч үнэндээ бидний  Тавантолгой, Ухаа худгийнхаа  орд газрын  20 хувийг  зараад мөнгө олж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Хонгконгийн бирж дээр хужаа нар нь эзэн нь болоод сууж байгаа. Хөрөнгө босгоод мөнгө нь  олигархуудын гарт очиж багаа. Хөрөнгө босгоод ард түмний гарт очиж байгаа. Бусдад хууль бусаар зарсан энэ стратегийн орд газрыг буцааж авах ёстой гэдэг үүднээс  АТГ-т хандсан. Өнөөдөр прокурорт хандаж байна.  Энэ булхайг нь ярихаар асуудлыг өөр тийш нь хандуулаад нууц гэрээ байгуулсан гэх мэт зүйл яриад байдаг. Асуудлыг шалгаж,  энэ олигархуудаас мөнгөө авмаар байна,  бусдад зарсан  газраа буцаан авч, ард түмэнд өгмөөр байна”  хэмээн ярилаа.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж