Гулсуур операц “бүдэрч” хашрууд түгшүүр авав | News.MN

Гулсуур операц “бүдэрч” хашрууд түгшүүр авав

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

Гулсуур операц “бүдэрч” хашрууд түгшүүр авав

Үндсэн
хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар Сонгуулийн хуулийн “гулсдаг”
хэсгийг түдгэлзүүлж орхилоо. Цэцийн түүхэнд хамгийн олон гомдол
гаргагчтай, УИХ-аас хамгийн олон итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй хуралдаан
энэ болов. Сонгуулийн хуулийг гурван жил бодож бодож шинэчлэхдээ дахин
сонгогдох магадлал тааруу болж яваа ч төрийн түшээгийн сэнтийгээсээ
ховхрох хүсэлгүй хашрууд сүүлчийн удаа УИХ-ын гишүүн болох гэхдээ л
“гулсуур” гэгчийг хуульд шигтгэчихсэн юм шүү дээ. Усанд хөл алдан хөвж
сандарсан хүн дэрснээс ч хамаагүй зүүгдэх гэж оролддог шиг.

Тэгээд
л мажоритар 26 тойрогт нэр дэвшин өрсөлдөх 48 эрхмээс өвдөг шороодогсод
сонгогчдын 28-аас дээш хувийн саналыг “зулгаасан” л бол пропорциональ
28 суудал хэмээх “нөөц” буудалд нисч буух зорилгоор хуульд оруулсан
заалт иргэдийн гомдлоор Цэцэд хүрч, улмаар бүдрэв. Энэ асуудал хаашаа
эргэхийг хүлээгээд эрхэм гишүүд сонгуулийн сурталчилгаандаа олигтой гарч
чадахгүй байсан юм. “Гулсуур” операц бүдэрсэн болохоор УИХ-ын хаврын
чуулганы эхээр эрхэм гишүүд Цэцийн дүгнэлтийг авч хэлэлцэхэр болов.
Ингэхдээ Сонгуулийн хуулийн түдгэлзүүлсэн заалтыг сэргээх шийдвэр гаргаж
таарна. Үндсэн хуулийн Цэц мөчөөгөө тавихгүй. Их суудлын хуралдаанаараа
энэ заалтыг бүрмөсөн үйлчлэхгүй болгож дөнгөнө. Цэцийн их суудлын
хуралдааны шийдвэрийг хэн ч өөрчлөхгүй. Цэцийн дээр хөх тэнгэр гээд
асуудалд цэг тавина.
Ингэснээр тойрогт нэр дэвшиж өрсөлдсөн нөхөд
өрсөлдөгчдөө ялагдвал суудалгүй хоцорно. Харин пропорциональ 28-ын
жагсаалтад бичигдсэн горилогчид дээрээс хэн гулсч орж ирээд доош
түрэгдэх бол гэж зоволтгүй хатуу зоолттой үлдэнэ.

Сонгуулийн
хуульд ийм өөрчлөлт орсноор хохирох эрхмүүд бол олон жил төрийн түшээ
хийсэн хуучны хашир гишүүд. Тэд өчнөөн жил тойрч, төсвөөс гаргуулсан
мөнгөөр тойлсон тойргоо тийм ч амархан алдах хүсэлгүй байгаа. Өрсөлдөгч
намын хүчтэй нэр дэвшигчид ялагдлаа гэхэд яаж ийж байгаад 28 хувийн
санал авсан болгож харуулаад пропорциональ тал руу амархан гулсчих санаа
уг нь хашруудад байгаа юм.

Тухайн нам мажоритар 26 тойрогт
өрсөлдсөн нэр дэвшигчдийнхээ авсан саналаар УИХ-ын 76 тойргийн 50 хувийг
өөрийн болголоо гэхэд түүндээ хувь тэнцүүлээд пропорциональ талд
жагсаасан 28 хүний эхний 14 нь парламентын гишүүн болох боломж бүрдэнэ.
Гэтэл дээрээс 28 хувийн саналын босго давсан долоон нөхөр гулсаад ороод
ирэхэд л мөнөөх жагсаалтаар орох байсан 14 хүний долоо нь доош түрэгдээд
эхний долоо л Их Хуралд суух жишээтэй. Энэ нь ялангуяа жагсаалтад орсон
эмэгтэйчүүд, залуучууд, шинэ хүмүүст айхавтар халтай.

Шороотой
бөх туг тойрч жагсаалтаар орох нэр дэвшигчдийн замыг таглах байсан заалт
ийнхүү Цэцийн дунд суудлын хуралдаан дээр бүдрэв. Энэ заалт цаашдаа ч
сэргэх магадлал багатай. УИХ-ын хаврын чуулган, Үндсэн хуулийн Цэцийн их
суудлын хуралдаан дамжиж хэлэлцэгдсээр сонгуулийн кампани эхлэх цагтай
золгох тул хашир гишүүд тойрогт өрсөлдөж хөрөнгө, хүчээ зарж эрсдэлд
өртөхгүй тулд шуудхан л пропорциональ 28-ын эхэн хавьд жагсах хувилбарыг
сонгохоор болж байх шиг байна. Ямар ч гэсэн хашрууд өчигдөр оройноос
эхлэн түгшүүр авч “Пропорциональ талын жагсаалт яс хөдөлгөөнгүй зоогдох
гээд байна уу” гэсэн асуулт дуулдаж эхэллээ.

Нэг муу тал нь тэд
пропорциональ хэсгийн жагсаалтаар, намын нэрээр авсан саналд хувь
тэнцүүлж УИХ-д орох магадлал бүхий эмэгтэячүүд, залууст бас л хаалт
болох гээд байгаа юм даа.

                        Д.ОЮУНЦЭЦЭГ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2012-03-29 122.201.18.148

Цэц бол яршиг л байна. өмнө бид хийгээд л ирсэн. цэц гуай яаж ч чадаагүй л юм даа. яахав цалин авахын тулд хуцаж л байг

Avatar

АТГ 2012-03-29 183.81.169.2

ШОРООТОЙ БӨХ ТУГ ТОЙРОХГҮЙ НЬ ДЭЭ АШГҮЙ ҮҮДЭЭР ХӨӨГӨӨД ГАРГАХААР ТООНООР ГУЛСАЖ ОРЖ ИРЭХ ГЭЭД БАЙСАН ХҮМҮҮС ЭНГИЙН БОЛООД ШАЛГУУЛАХ ЦАГ НЬ БОЛЖ ДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж