Шавиа зодсон багшийн ялыг хэвээр үлдээлээ

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

Шавиа зодсон багшийн ялыг хэвээр үлдээлээ

Циркийн уран нугараач охиныг зодсон сургагч багш Г.Энх-Амгалангийн гаргасан гомдлыг өнөөдөр Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимд хэлэлцэж, анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Түүнийг Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж гэмт хэрэг  үйлдсэн, мөн 100.2-т зааснаар байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл гаргасан гэм буруутай хэмээн үзэж, Хан-Уул дүүргийн шүүхээс таван жил, нэг сарын хорих ял оногдуулаад байсан. Гэвч тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, ийнхүү давж заалдаад байсан билээ. Хуралд илтгэгч шүүгчээр Д.Дамдин-Од, өмгөөлөгчөөр Д.Энхцэцэг, Н.Цэрэнчимэд, Г.Мандахсайхан нар оролцсон байна.

Г.Энх-Амгалан нь 2010 онд ОХУ-д сарын 1000 ам.долларын цалинтай ажиллуулна хэмээн уран нугараач охиныг эцэг, эхтэй нь тохиролцон авч явсан байна. Тэрбээр 13 настай нугараач охиныг амралтгүй 10 гаруй цаг хичээллүүлж, төмрөөр гуя шилбэ рүү нь цохин, хоолыг нь сойдог байсан гэдэг. Охины аав, ээж цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар уг хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгахад багш Г.Энх-Амгалангийн гэм буруутай нь тогтоогдсон байна. Түүнийг гэм буруутай болохыг хохирогч тал ч нотолж байгаа бөгөөд тухайн үед охины хөл шарх сорвитой болж, нуруунд нь хөхрөлт үүссэн байжээ.

                            Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж