Засаг дарга нар хөшөөнд гурван тэрбум төгрөг заржээ

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

Засаг дарга нар хөшөөнд гурван тэрбум төгрөг заржээ

АТГ-ынхан ойрын үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх "Эвтэй дөр­вөн амьтан"-ы хөшөөг хүрлээр барьж уу, шав­раар барьж уу гэдгийг шалгаж эхлээд байна. Хэрэвзээ шавраар барь­сан бол Баянзүрх дүүр­гийн Засаг дарга Б.Бат­зориг улсын төсвөөр боссон энэ хөшөөнөөс 320 сая төгрөгийг хувьдаа унагасан хэрэгт унах нь. Мань эр тайландаа энэ­хүү хөшөөг 350 сая төгрө­гөөр босгосон гэжээ. Харин дүүргийн иргэд нь болохоор "Энэ хөшөөг хүрлээр босгоогүй, арма­тур зангидаад, нурдаггүй герман шавар наагаад өнгөлчихсөн юм. Үүнд гарсан зардал нь ердөө 30 сая төгрөг" гэж үзжээ. Б.Батзориг даргын барьж босгосон хөшөө дурсгал үүгээр дуусдаггүй юм бай­на. "Чулуун овоо" дахь нохойных нь хөшөө бай­на. Энэ хөшөөг тэр­бээр 750 сая төгрөгөөр бос­гожээ. Б.Батзориг даргад нэг хайртай нохой байсан юмдаг уу даа, тэр нь нас  баржээ. Ингээд түүнийхээ гэгээн дурс­галд зориул­сан гэж дүүргийнх нь иргэд ярих юм. Ямартай ч тэрбээр 750 сая төг­рөгөөр нохой­ны хөшөө барих нь л барьж.

Тэгэхээр ийм байна. "328 сая төгрөгөөр 120 хүүхдийн цэцэрлэг байгуулах боломжтой" гэж Б.Бат­зориг дарга өөрөө ярьсан байна лээ. Эвтэй дөрвөн амьтаны хө­шөөнд зарцуулсан 350 сая төг­рө­гөөр ийм цэцэрлэг бариад цаана нь бүр хорин сая төгрөг илүү гарч байна. Нохойных нь хөшөөг дүүр­гийнх нь иргэд ярих нь урд хөршид захиалгаар 180 сая төгрөгөөр хийдэг гэнэ. АТГ-ынхан эвтэй дөр­вөн амьтны хөшөөний учрыг олчи­хоод дараа нохойных нь хөшөө рүү орох юм байна. Ороод тэр нь хүрэл биш байвал золигийн дарга чинь мөн л 570 сая төгрөг хуссан хэрэгт унах нь. Баянзүрх дүүргийн нийт хүн ам 280 мянга. Үүнээс цэцэр­лэ­гийн насны хүүхэд 20 мянга орчмыг эзэлдгээс цэцэрлэгийн хүрэл­цээ­нээс шалтгаалж таван мянга орчим хүүхэд хашаандаа манаргаж бай­на. Цэцэрлэгээс гадна Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Улиастайн эцсийн буудал орчимд 200 хүүх­дийн сургууль барихад 570 сая төгрөг хангалттай аж. Учир нь тэнд буй сургуулиудад 30 хүүхэд сурал­цах ангид 54 хүүхэд чихцэлдээд сууж байдаг юм байна. Нэг хөшөө­нөөс 300-500 саяыг унагах нь том ашиг. Ер нь бол барилгын ком­па­нийн захирал нэгний яриагаар нийслэлд шинэ цэцэрлэг барихад хүүхдийнхээ орноос хамааран 300 саяаас нэг тэрбумын өртөгөөр баригдана гэж байна. Дүүргийнх нь хүүхдүүдэд сургууль цэцэрлэг нэн даруй хэрэгтэй байна. Ард түмэн ядуурахын хэрээр МАН-н Засаг дарга нар хөшөө барьсаар л бай­на. Тэд хөшөө сайн барьвал ядуу­рал арилдаг юм шиг л хөшөөндөө хамаг зүрх сэтгэлээ зориулах аж. Түмэн олон хүний хөгжлийн 21 мянган төгрөгөндөө дугаарлан гадаа хонож байхад хөшөөчин Засаг ноёд мэрийлттэй гэгч нь хөшөөнийхөө туузыг хайчилаж зогсох юм.

Одоо Б.Батзоригоос илүү гар­сан нэгэн хөшөөчин даргыг танил­цуулья. Тэр бол Чингэлтэй дүүр­гийн Засаг дарга Д.Ганболд юм. "Баянзүрх"-ийн Батзориг 750 саяаар хөшөө босгодог бол Чин­гэл­тэйн Ганболд хоёр тэрбумаар хөшөө босгодог байна. Жишээ нь Д.Ганболд хуучнаар Ялалтын талбайн голд хоёр тэрбумаар тусгаар тогтнолын хөшөө гээчийг босгосон. Энэ бол долоон цэцэрлэг барих мөнгө юм шүү дээ. Гэртээ харах хүнгүй байж байгаад гал алдаж түлэгдэж үхсэн багачуудыг тохуурхаж  байгаа мэт тэдний аав ээжийн татварын мөнгөөр хэдэн боржин чулуу овоолчихоод "тус­гаар тогтнолын" гэж нэрлэчихээд сууж байна. Тэгвэл Чингэлтэйн гэр хороололд ганц ч атугай галын пост байгаа бил үү. Чингэлтэй дүүрэгт 21 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр цэцэрлэг 3080 хүүхэд л хүлээн авах боломжтой. Гэтэл 5600 хүүхэд эдгээр цэцэрлэгт чихцэлдэж байна. Хоёр тэрбум төгрөгөөр зургаан цэцэрлэг бариад хүчин чадлаас нь даваад буй 2500 хүүхдийг явуулж болоогүй л юм байхдаа, Д.Ганболдод. Дээр нь сургууль байна. Нэг тэрбумаас гурван тэрбумын хооронд дунд сургууль босдог юм байна. Багаар бодоход хоёр сургууль барих мөн­гөөр Д.Ганболд гэрэлт хөшөө гээ­чийг босгожээ. Чингэлтэйд  ерөнхий боловсролын 13 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрт 12080 хүүхэд суралцах боломж­той­гоос өнөөдрийн байдлаар 20834 хүүхэд багталцаж ядан суралцаж байна. Байх нормоос давсан 8772 хүүхдэд зориулж хоёр сургуулийг хоёр тэрбумаараа барь­сан бол бараг л багтана даа. Өч­нөөн төчнөөн хүүхдүүд сургууль цэцэрлэг, эмнэлэггүй байхад засаг дарга нар хөшөө нэртэй шавар овоолго тэрбум, тэрбум төгрөгөөр барьж мөнгө завшиж байгаа нь гэмт хэрэг. Тэднийг авлигатай тэмцэх газар шалгуулах биш эрүүгийн хэргээр шалгуулах ёстой юм. Тэд хөшөөнд дуртай хайртайдаа биш, хөшөө барих нэрээр ард түмний халааснаас хамж авсан татварын мөнгийг л хөшөө нэрээр өөртөө завших гэж ингэж байна.Тэд АТГ гэж байгаагүй үед шууд хоёр гурван зуун сая төгрөг завшчихдаг байв. Харин одоо ийм газартай болчи­х­сон учир шууд авч чадахгүй нэг муу хөшөө шүү юм хийж байж авахгүй бол болохоо больчихоод байна л даа. Энэ нь төр засагт бүүр ч хорлонтой байх юм. Нөгөө шууд авчихдаг гурван зуун саяа авахын тулд гурван тэрбум төгрөг хулгай­лах хэрэг гарах юм даа.

Б.НЯМАА

Зохиогчийн эрх: "ӨДРИЙН СОНИН"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж