У.Барсболдыг Ховдын хил бүү давуул!

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

У.Барсболдыг Ховдын хил бүү давуул!

Монгол
Улсын алс баруун хязгаарт орших ховдчууд Байгаль орчны сайд асан
У.Барсболдтой тооцоо бодохоор бэлтгэж эхэлсэн сурагтай. Тэр байтугай
Дарви, Цэцэг, Мөст, Зэрэг сумдын иргэд “У.Барсболдыг Ховдын хил бүү
давуул” гэж ч нутгийнхаа иргэдэд захиж байгаа гэнэ. Хэдэн жилийн өмнө
“Хөшөөт хөгжил дагуулна” хэмээн нэг их гоё PR өдөр, шөнөгүй цацагдаж,
ховдчуудын тархийг угаасан ч өнөөдөр орон нутаг хөгжсөн юмгүй өнөөх л
бахь байдгаараа. Цахилгаан станц барих  сураг гарсан ч нэг ч шон
зоогоогүй таг болсон. Харин энэ хооронд ховдчууд цахилгаан станц
мөрөөдсөөр эрүүл мэндээрээ хохирч дуусчээ. Учир нь Хөшөөтийн уурхайгаас
“Мо-Эн-Ко” компанийнхан өдөр, шөнөгүй  нүүрс олборлож түүнийгээ дөрвөн
цагийн улиралд тасралтгүй авто машинаар тээвэрлэх болсноор нутгийн иргэд
замын нарийн цагаан тоосонд дарагдан эрүүл мэндээрээ хохирох болжээ.
Байгаль орчны сүйрэл ч ярилтгүй гэсэн. Тус компанид гол төлөв хятадууд
ажилладаг болохоор ховдчуудыг барагтай бол ойртуулдаггүй. Уг нь бол
Хөшөөтийн уурхай ажилд орсноор Ховдын иргэдийг ажлын байраар хангаж,
ядуурал, ажилгүйдлийг шийдээд өгөх юм ярьсан ч, одоо бол мартагдсан
дууль болсон. Уг нь үе үе Ховд аймагт очиж, Хөшөөтийн уурхайн эзэн хүн
шүү гэдгээ сануулдаг байсан хэргийн эзэн хэнгэргийн дохиурт ховдчууд энэ
асуудлыг нь тавья хэмээн ихэд хүлээсэн ч сүүлийн нэг жил ховдчуудад
бараагаа харуулаагүй нь уурхайгаа хятадуудад зарсан гэх дуулиан үнэн
болох талтайг харуулсан үйлдэл байх талтай гэсэн. Гэхдээ удахгүй УИХ-ын
сонгууль болох тул У.Барсболд инээд алдаад “Ховдчуудаа та нартаа би маш
их хайртай шүү, дандаа бодож явдаг шүү” гээд хүрээд ирэхийг байг гэх
газаргүй. Шалтгаан нь өнгөрсөн хугацаанд тус аймгийн МАН-ын бүх хороодыг
санхүүжүүлдэг томоохон хөрөнгө оруулагч нь У.Барсболд байсан тул одоо
жинхэнэ хэргийг нь гаргахаар гэмгүй царайлан ирж нэр дэвшиж болзошгүй
тул “У.Барсболдыг Ховдын хил давуулж болохгүй шүү” хэмээн сануулсаар
байгаа ажээ. Зарим эх сурвалжуудаар бол У.Барсболд Хөшөөтийн уурхайн
дуулианаас болж Ховдод нэр дэвшээд гарч ирж чадахгүй тул нийслэлд
үзэлцэнэ гэх сураг ажиг байгаа ч, ховдчуудын хаширлах тун зөв бололтой.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж