Их Британийн “Britain"s Got Talent” шоу нэвтрүүлгээс алдрын замналаа эхлүүлсэн дуучин Сьюзан Бойлын амьдралын тухай мюзикл кино бүтээжээ. Өдгөө 50 настай Сьюзан Бойлын намтрыг өгүүлсэн энэ мюзикл кинонд дуучны дүрийг жүжигчин Элейн Смит бүтээсэн гэнэ. Киноны нээлтийг мягмар гаригт Хатан хааны Ньюкасл театрт хийсэн бөгөөд киног Их Британи болон Ирландын 11 хотуудаар үзүүлэхээр төлөвлөөд байна. Киноны нээлтэд Сьюзан Бойл өөрөө ирж, “I Dreamed a Dream” дуугаа дуулсан юм. Мөн Сьюзан Бойлын шүтэн бишрэгчдийн олон улсын клубээс олон тооны шүтэн бишрэгчид нь очсон аж. Австрали, Ирланд, Словак болон АНУ-ын хорь гаруй мужаас дуучныг хүндэлдэг биширдэг хүмүүс очсон байна.
Киноны продюсер Майкл Харрисоны хэлснээр тэрхүү кино дуучны амьдралыг бүхэлд нь харуулсан гэнэ. Хэдий үлгэр мэт боловч үнэн түүх гэдгийг тэр онцолжээ. Шотландын буйдхан хотод гэрийн эзэгтэй байсан Сьюзан Бойл 2009 онд “Britain"s Got Talent” уралдаанд оролцож, уянгалаг цээл хоолойгоороо дэлхий нийтийн телевиз үзэгчдийг гайхашруулсан билээ. Тэрбээр мөн ондоо “I Dreamed a Dream” цомгоо бичүүлсэн бөгөөд энэ цомог борлуулалтаараа Их Британийн эмэгтэй дуучдын түүхэнд байгаагүй олон тоогоор зарагдсан юм. Мөн цомог нь Гиннесийн номонд гурван үзүүлэлтээр бичигдсэн байна.
Н.Тунгалаг