Шавиа зодсон багшийг шүүж байна

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

Шавиа зодсон багшийг шүүж байна

Уран нугараач охиныг зодож, гэмтээсэн сургагч багш Г.Энх-Амгалангийн хэргийг хэлэлцэх давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимд яг одоо болж байна. Хуралд шүүгчээр Д.Дамдин-Од, өмгөөлөгчөөр Д.Энхцэцэг, Н.Цэрэнчимэд, Г.Мандахсайхан нар оролцож буй. Түүнийг Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар онц аюултай гэмт хэрэгтэн, түүнчлэн зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж хэрэг үйлдсэн, мөн 100.2-т зааснаар зодох буюу тарчлаах шинжтэй үйлдэл хийсэн гэсэн үндэслэлээр буруутгаж байгаа юм байна. Хэрэв түүний гэм буруутай нь тогтоогдвол 5-8 жилийн хорих ялаар шийтгэх аж. Г.Энх-Амгаланд өмнө нь Хан-Уул дүүргийн шүүхэээс таван жил нэг сар хорих ял ногдуулаад байсан юм.

Уг хэргийг эргэн сануулахад, Г.Энх-Амгалан нь 2010 онд ОХУ-д сарын 1000 ам.долларын цалинтай ажиллуулна хэмээн уран нугараач охиныг эцэг, эхтэй нь тохиролцон авч явсан байна. Тэрбээр 13 настай нугараач охиныг амралтгүй 10 гаруй цаг хичээллүүлж, төмрөөр гуя шилбэ рүү нь цохин, хоолыг нь сойдог байсан гэдэг. Охины аав, ээж цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар уг хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгахад багш Г.Энх-Амгалангийн гэм буруутай нь тогтоогдсон байна. Түүнийг гэм буруутай болохыг хохирогч тал ч нотолж байгаа бөгөөд тухайн үед охины хөл шарх сорвитой болж, нуруунд нь хөхрөлт үүссэн байжээ.

                            Д.Жаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж