Тийм ээ, Монголд биш Америкт байх сан…

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

Тийм ээ, Монголд биш Америкт байх сан…

Нийслэлийн төв зам дагуу хэд хэдэн байрлалд “Долдугаар сарын 1. Америкт байцгаая” гэсэн рекламны самбар гарч, олны анхаарал татаад удаагүй байтал хүчээр буулгах шийдвэрийг “дээрээс” гаргажээ. Үзэлд суртлын хаалтад орж татан буугдсан тэрхүү уриалга чухам юун тухай байв аа?

Энэ нь “Open world” компаниас уламжлал ёсоор зохион байгуулж буй зуны амралтын хугацаанд оюутан залуусыг АНУ-д ажил, аялал зуучилдаг, дэлхийн олон оронд хэрэгждэг хөтөлбөрийн сурталчилгаа байжээ. Зургадугаар сарыг сонгуулийн талцал маргаан, долоо, наймдугаар сарыг наадам, найранд зориулахаас өөр илүү бүтээлч зүйлд зориулж болно л гэсэн санаа. Үүндээ 7/1 гэдэг тоог ашигласан нь л эрх мэдэлтнүүдийн эмзэг газрыг хөндсөн хэрэг.

Үнэндээ дөрвөн жилийн өмнөх эмгэнэлт явдлыг сануулах, тэр байтугай тийм явдалд урьдчилан бэлтгэх тухай санаачилга гаргасан хариуцлагатай албан тушаалтныг огцруулах талаар УИХ-аараа хэлэлцээд яаж ч чадаагүй атлаа сурталчилгааны самбартай ноцолдож байгаа нь агуулга муутай л хэрэг. Долдугаар сарын нэгнийх шиг үйл явдал болбол буутай цэрэг хөдөлгөх талаар ярьсан албан тушаалтанд эрх мэдэл гэдэг том зэвсэг бий. Гартаа эрх мэдэлтэй, зэвсэгтэй этгээдүүд л аюултай болохоос биш зүгээр маркетингийн зорилгоор тийм зүйл ярьж яваа залуусаас үнэндээ хэн ч айхгүй нь тодорхой.

Долдугаар сарын 1-ний асуудлыг ярьснаараа улстөрчид рейтингээ өсгөж болж байхад “буруу зүйлд уриаллаа” гэж хэн ч загнахгүй атал маркетингийн шийдэлд хоёр цифр ашигласан залуус буруудаж байгаа нь хөөрхийлөлтэй. Гэхдээ ийм маркетинг бодож олж чадсан залуус биш аливаа асуудалтай тэмцэх арга эвээ олдоггүй манай хууль сахиулагчид л хөөрхийлөлтэй юм даа.

Уг нь иргэдийн бухимдал, жагсаал үймээн юунаас үүддэгийг, түүнээс сэргийлэхийн тулд өөрсдөөс нь хамаарах зүйл юу байгааг одоо хүртэл олж харж чадаагүй эрх мэдэлтнүүдийн энэ урагшгүй байдал л “Долдугаар сарын 1” давтагдахад хүргэж болзошгүй хүчин зүйл юм. Энэ утгаар аваад үзвэл рекламны самбартай тэмцэхээс илүү чухал ажил тэднийг хүлээж байна даа. 
 
Үнэндээ залуус энэ жилийн долдугаар сарын 1 гэхэд сонгуулийн дүн гарч, иргэд өөрсдийн сонголттоо итгэлтэй, сэтгэл хангалуун байгаасай гэж хүсч байгаа. Дахин долдугаар сарын нэгнийх шиг муухай өдрийг бүү үзээсэй гэж хүсч байгаагаа илэрхийлж , тийм өдөр дахиад тохиолдвол эрх чөлөөний орон Америкт байх юм сан гэж мөрөөдөж яваа. Яагаад болохгүй гэж? Аль ч цаг үед залуус “одооны залуус” гэж зэмлүүлдэг юм гэнэ лээ. Тэд ээж, аавынхаа зааснаар биш өөрийнхөө хүссэнээр амьдрахыг л хүсдэг.

Чин үнэндээ эх орноо эрх чөлөөний өлгий, ардчиллын алтан загвар АНУ шиг болгох сон гэж мөрөөдөж яваа залуу үеийнхний “Долдугаар сарын 1. Америкт байцгаая” гэдэг үг ичмээр зүйл биш ээ. Ард түмнээ тийм аймшигтай байдалд хүргэж, буу зэвсгээр өөрсдийгөө хамгаалсан эрх мэдэлтнүүдээс ичихдээ, айхдаа, дахиад тийм зүйл үзэх вий гэж эмээхдээ Америк руу, аль эсвэл сар руу явчих юм сан гэж бодож байгаа ч юм билүү. Тэднийг ер нь хэн тоож сонссон билээ? Аав, ээждээ гомдохоороо “айлын хүүхэд болно доо” гэж тунирхдаг хүүхдийн сэтгэлээ заль мэхээр сольж амжаагүй залуус маань өнөөгийн эрх мэдэлтнүүд, өнгө мөнгөнөөс эх орноо худалдаж байгаа шуналтнуудаас нүүр бурууллаа гэхэд үнэндээ гайхах хэрэггүй шүү дээ. Тэр тусмаа тэднийг буруутгах ч утгагүй.

Тийм ээ, Америкт биш Монголдоо л амьдрах сан гэдэг баталгааг ард түмэн та бүхнээс хүсч байгааг сонсохгүй байна гэж үү?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж