Каддафийн Итали дахь хөрөнгийг хураажээ

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

Каддафийн Итали дахь хөрөнгийг хураажээ

Ливийн удирдагч агсан Муаммар Каддафийн Италид байсан хөрөнгийг хураан авсан талаар тус улсын Сангийн яамнаас мэдэгдлээ. Муаммар Каддафийн гэр бүлийн нэр дээр байсан банкны актив, компанийн хувьцаа болон үл хөдлөх хөрөнгө нийлээд 1,1 тэрбум евро болсон ажээ. Италийн “Unicredit” банкинд 611 сая евротой тэнцэх актив байсан бөгөөд хөлбөмбөгийн “Ювентус” клуб, “Финмекканике” компани, автомашины “Фиат” үйлдвэр болон эрчим хүчний концерн зэрэг газруудаас Ливийн удирдагч агсны гэр бүл хувьцаа эзэмшдэг байжээ. Мөн Каддафийн хөвгүүдийн нэр дээр байсан үл хөдлөх хөрөнгийг хурааж, банкуудад байсан дансыг нь хүчингүй болгосон байна.

Итали дахь хувьцаа болон актив нь Каддафийн өөрийн хяналтад байсан Ливийн хөрөнгө оруулалтын газар болон гадаадын хөрөнгө оруулалттай “Ливийн Араб компани”-ийн нэр дээр байжээ.

Ливид болсон иргэний дайны үеэр НҮБ-ын шийдвэрээр Италид байсан Каддафийн активийг “царцаагаад” байсан юм. Италийн засаг захиргаа олон улсын байгууллагуудтай зөвшилцсөний дараа дээрх хөрөнгийг Ливийн ард түмэнд өгөхөөр төлөвлөсөн байна.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж