“Гэгээн муза” наадамд хүндэтгэл үзүүлж, тун ч гоёмсог хүннү дээлээр гангарч ирсэн УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэг наадмын хамгийн чамин бөгөөд ихэмсэг зочдын нэг байлаа. “Тэнгэрийн хүү” жүжигт Модун Шаньюгийн дүр бүтээсэн тэрбээр “Гэгээн муза-2011” наадмын шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртэж, чамин дээлээ “мялаасан”. Эбигийн өмссөн хүннү загварын, цагаан шаргал өнгөтэй дээлийг дизайнер Ц.Энхтуяа урласан гэнэ. Харин дээлтэйгээ хослуулсан бүсийг найз нь хийжээ. Бүсний арал дээр Чингис хааны тамганы бичээс сийлсэн, харин түдүүлд нь Чингисийн “гэрэгэ” суулгажээ. Үсний засалтынхаа тухайд Эби уран бүтээлтэйгээ холбон тайлбарласан. Сүүлийн үед голдуу түүхэн бүтээлд тоглож, цаашид ч түүхэн кинонд тоглох тул энэ засалтаа хадгалах гэнэ.
Ер нь энэ жилийн “Гэгээн муза”-гийн зочдын гоёлд үндэсний хэв маяг давамгайлсан байсан. Өнгөрсөн жил олон түүхт ой тохиож, түүхэн бүтээл олон мэндэлсэн болохоор тэр биз ээ.
Г.Даша