Цагдаагийн хуучин удирдлагууд болох Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт, Г.Ганбаатар нарыг шүүх хурал өчигдөр Цагдан хорих 461 дүгээр ангийн шүүх хурлын танхимд эхэлсэн ч шүүгдэгчдийн өмгөөлөгчид болох О.Алтангэрэл, Ц.Итгэлт, Л.Өлзийхүү, Д.Энхтунгалаг нар шүүгдэгчдийг зүйлчилсэн зүйл анги нь Үндсэн хууль болоод холбогдох хууль тогтоомж зөрчсөн гээд үйлчлүүлэгчдээсээ татгалзаж байгаагаа илэрхийлснээр шүүх хурлыг орхин гарсан юм. Тэдний энэ үйлдэл хууль зөрчсөн болохыг Шүүхийн үндэсний зөвлөлөөс мэдэгдэж, захиргааны арга хэмжээ авах үндэслэлтэй гэж үзэж буйгаа өчигдөр илэрхийлсэн билээ. Энэ үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тэднийг 7-14 хоногоор саатуулан баривчлах буюу мөнгөн торгууль ногдуулах үндэслэлтэй гэдгийг тайлбарласан. Улмаар шүүгдэгчдийн өмгөөлөгч нарыг өчигдөр орой баривчлан саатуулах гэж буй тухай мэдээлэл ирсэн юм. Албаны эх сурвалж ч энэ тухай мэдээллийг баталж, “Сүхбаатар дүүргийн шүүхээс өмгөөлөгчдийг саатуулах захирамж гаргасан, гэхдээ өнөөдөртөө баривчлахааргүй болсон” гэх мэдээллийг өгсөн. Эдгээр асуудалтай холбогдуулан Монголын өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөл өнөөдөр хуралдах болсон байна.
Өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөл хуралдана
Гурав дахь удаагаа өчигдөр товлогдсон ч дахин хойшилсон “долдугаар сарын 1-ний” гэх тодотголтой, цагдаагийн экс-удирдлагуудад холбогдох хэргийг шүүх хурлын үеэр болсон үйл явцтай холбогдуулан Монголын өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөл өнөөдөр хуралдахаар болжээ.
С.Отгон