Оросын компаниуд орон сууцны хөтөлбөрийг сонирхож байна

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

Оросын компаниуд орон сууцны хөтөлбөрийг сонирхож байна

Эрдэс баялгийн салбарт тулгуурлан эдийн засгаа хөгжлөө тодорхойлсон Монгол улс  гадны хөрөнгө оруулагчдад өргөн боломжит томоохон зах зээл юм. Манай улсын мөнхийн хөрш Оросын компаниуд, хөрөнгө оруулагчдын сонирхол болоод саналууд ч тэр хэрээр улам нэмэгдэх болов.

Түүний нэг жишээ болсон “Азийн хаалга 2012” арга хэмжээг энэ сарын 27-29-ний өдрүүдэд МҮХАҮТ ОХУ-ын Эрхүү мужийн Засгийн газартай хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Энэ хүрээнд үзэсгэлэн худалдаа нээгдэхийг зэрэгцээ Монгол-Оросын бизнес-семинар болж байна. Арга хэмжээ нь энэ жил 20 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа юм.

Семинарын дугуй ширээний ард Монголын талаас МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш, Монголын Барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар, “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн захирагч О.Сэмэр болон Оросын талаас Эрхүү мужийн Засгийн газрын орлогч С.Д. Аникеев,  Барилга, зам, хот байгуулалтын дэд сайд И.В.Щёголев, Хөдөө аж ахуйн яамны дэд сайд К.Р.Алдаров зэрэг албаны хүмүүсээс гадна тус улсын бизнесийн салбарын томоохон төлөөлөгчид цуглажээ. Хоёр орны төлөөлөгчид энэ арга хэмжээний зорилго, хамтарч ажиллах боломж, тэдгээрийг бодлогоор хэрхэн дэмжиж болох талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байлаа.

Эрхүү мужийн Засгийн газрын орлогч С.Д. Аникеев:
“20 дахь удаагийн арга хэмжээ өргөн цар хүрээнд зохион байгуулагдаж байна. 2017 он гэхэд бид өнөөдөр оролцож байгаа компаниудын тоо болоод үзэсгэлэнгийн талбайг тав дахин нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллана. Хоёр орны хөрөнгө оруулагчдад хамтарч ажиллах сонирхол нэлээд байна. Энэ нь хоёр орны бүс нутагт хамтарсан компаниуд байгуулагдахад томоохон түлхэц болох юм.

Мэдээж хамтарч ажиллах нөхцөл, боломжийг бид Засгийн газрын бодлогоор харилцан дэмжих нь дамжиггүй. Өнөөгийн эрчимтэй хөгжлийг даган хоёр улс маань барилгын салбарт эрчимтэй хамтарч ажиллах шаардлага тулгараад байна. Монгол улсад хэрэгжиж байгаа “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн тухай тодорхой, дэлгэрэнгүй мэдээллийг авлаа. Одоогоор энэ хөтөлбөрт хамтран ажиллах эрх зүйн орчныг судалж байна. Мөн мал аж ахуйн салбарт хамтран ажиллахдаа, Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалттайгаар Сэлэнгэд махны үйлдвэр байгуулж, ОХУ руу экспортлох боломжтой гэдгийг танилцуулна.

МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш: “Хамгийн анх 10 гаруйхан аж ахуйн нэгж оролцож байсан энэ арга  хэмжээнд өнөөдөр Эрхүү хотын Засгийн газрын дэмжлэгтэйгээр бүхий л салбарын томоохон компаниудын төлөөлөл хүрэлцэн иржээ. Бизнес-семинарт 30 гаруй компани оролцож байгаа бол үзэсгэлэн яармагт 80 гаруй компани бүтээгдэхүүнээ танилцуулахаар дэлгэжээ. Ийм өргөн хүрээний зочид төлөөлөгчид манайд ойрын үед ирээгүй. Тиймээс бид энэ удаагийн арга хэмжээнд ихээхэн ач холбогдол өгч байна.

“Зуун удаа сонссоноос нэг удаа үз” гэдэг шиг манай улсад ямар боломж байна, барилга хот байгуулалт хэрхэн хөгжиж байгаа, “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлж байгааг өөрсдийн биеэр ирж үзэж танилцлаа. Хууль эрх зүйн орчин, хөнгөлөлт, хамтарч ажиллах нөхцөл байдлын тухай салбарын удирдлагуудаас олж сонссон. Орос улстай хиллэх “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн хууль эрх зүйн орчныг Оросын төлөөлөгчид ихэд сонирхож, тодорхой мэдээллийг авч чадсан. 

Тиймээс энэ бүсэд хамтарч ажиллах Оросын компаниудтай хэлэлцээрүүд хийгдэж эхлэх болов уу. Түүнчлэн Орос улс нь ДХБ-ын гишүүнээр элсэх бэлтгэл хангагдсан. Гишүүнээр элссэнээр манай улсад хил, гааль болон худалдааны татварын хөнгөлөлттэй нөхцөлүүд бий болох юм. Манай улсын зүгээс ОХУ-ын Эрхүү, Улаан-Үүд хотод Монголын худалдааны төвийг байгуулна гэсэн байр суурьтай байгаа. Эрхүү мужтай худалдааны тал дээр түншилснээр гадаад худалдааныхаа салбарт ахиц дэвшлийг авчрах бүрэн боломж бий. Үзэсгэлэнд оролцох ОХУ-ын компаниудын хувьд Дорнод Сибирийн аэрогеодезийн компани ирсэн. Монголын компаниудтай хамтарч, уул уурхайн хайгуулын ажил хийхээр хөтөлбөрөө гаргасан байсан” гэлээ. 

Эрхүү мужийн уул уурхай, эрчим хүч, барилга, техник тоног төхөөрөмж, хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөгчид өөрсдийн үйл ажиллагаа болон хамтарч ажиллах саналуудаа семинарын үеэр шууд илтгэж байсан юм. Орон зайн хувьд маш ойр энэ бүс нутагт хамтарч ажиллах, бүтээгдэхүүн нийлүүлэхэд визний асуудал ихээхэн хүндрэл учруулдаг тухай ч төлөөлөгчид хөндөж байв. Мөн тус мужийн их, дээд сургуулийн ректор, оюутнууд ч энэ удаагийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн юм. Эрхүү хотын Зам, харилцааны их сургуулийн ректор ноён Хоменко ”Манай хоёр улс олон жилийн найрсаг сайхан харилцаатай.

Бизнесээс гадна боловсролын салбар дахь өнөөгийн хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн тэлэх сонирхол бидэнд байна. Тэр дундаа Орос-Монголын хамтарсан УБТЗ нийгэмлэгтэй хамтран Эрхүү хотын Зам, харилцааны их сургуулийн салбарыг 2009 оны зургадугаар сард Улаанбаатарт нээсэн билээ. Энэ шийдвэр Улаанбаатар хот болоод Эрхүү мужийн удирдлагуудыг санаачлагаар гарсан юм. Түүнийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний үүргээр Зам тээврийн яамнаас нь баталгаажуулсан” гэлээ.

Семинарын үеэр зочид төлөөлөгчдийн анхаарлыг хамгийн ихээр татсан сэдэв бол Монголын Засгийн газраас хэрэгжүүлж буй “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр байлаа. "Манайхаас ирсэн барилгын чиглэлийн бизнесмэнүүд маргааш энэ хөтөлбөрийн дүрэм журамтай танилцана. Ингэснээр Монголын компаниудтай хамтран байшин барих, барилгын чанартай материал нийлүүлэх зэрэг хэд хэдэн чиглэлээр хамтарч ажиллана" хэмээн Зам, барилгын дэд сайд И.В.Шёголев хэлсэн юм. Харин семинарын төгсгөлд Монгол улсын Их сургууль болон Эрхүү хотын аялал жуулчлалын их сургууль аялал жуулчлалын салбарт хамтарч ажиллах     Санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Үзэсгэлэнгийн танхимд Зөөврийн болон дугуйн дээр суурилсан орон сууцны үйлдвэрлэлийн зураг төсөл зохиодог  “Батский завод мобильних конструкций, Инженер, геологи, агаарын скайнер, экологийн үйл ажиллагаа явуулдаг “Восточно-Сибирское Аерогеодезическое Предприятие”, газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэлтийн “Ника трейд” болон хүнсний компаниуд өөрсдийн бүтээгдэхүүнийг дэлгэснээс гадна Эрхүү хотын Анагаах ухаан, Хэлний шинжлэл, Аялал жуулчлалын их сургуулиуд мөн үйл ажиллагаагаа танилцуулсан юм.
Ямартай ч энэ удаагийн арга хэмжээнээс хоёр орны худалдааны хамтын ажиллагаанд тодорхой үр дүн гарах хандлага мэдрэгдэж байлаа. 

Э.Од

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж