”100 мянган айлын орон сууц” үзэсгэлэн хойшлов

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

”100 мянган айлын орон сууц” үзэсгэлэн хойшлов

Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төвөөс өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 31-ний хооронд ОХУ-ын Соёл, шинжлэх ухааны төвд зохион байгуулахаар зарлаад байсан “100 мянган айлын орон сууц” үзэсгэлэнгийн товыг хойшлуулжээ. Засгийн газраас баталсан “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдахыг хүссэн иргэдэд цогц мэдээлэл хүргэх зорилгоор зохион байгуулахаар төлөвлөсөн тус үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 12-нд нээлтээ хийхээр болсон байна. Шалтгаан нь барилгын салбарынхны удирдах ажилтны зөвлөгөөн хойшилсонтой холбоотой ажээ. Тус зөвлөгөөн дөрөвдүгээр сарын 13-нд эхлэх юм байна.

Үзэсгэлэнд зөвхөн “100 000 айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан болон цаашид хамрагдах орон сууцны барилгын компаниуд оролцох юм. Мөн үзэсгэлэнгийн хүрээнд энэ хөтөлбөрийн талаарх хууль эрхийн актууд, хэрэгжүүлэгч талуудын дүрэм, журам зэрэг холбоотой бүх мэдээллийг нэг цэгээс олгож, тусгай хэвлэл тараах юм байна. Үүний зэрэгцээ банк, санхүү, даатгалын байгууллагууд, ОССК, НЗДТГ, ЗТБХБЯ зэрэг “100 000 айлын орон сууц” хөтөлбөрт оролцогч төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцох учир хөтөлбөртэй холбоотой бүх мэдээллийг нэг дороос авах боломж бүрдэх ажээ.

Д.Жаргалсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж