
2011 оны эхний есөн сарын хугацаанд авлигын зөрчил 255 мянга бүртгэгдсэн тухай өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард Оросын ерөнхий прокурор Юрий Чайка мэдэгдээд зөрчлийн гуравны нэг нь авлига авсан хэрэг гэжээ. Авлигатай тэмцэх ажлын тайлангаа 2012 оны эхээр дахин танилцуулахдаа Ерөнхий прокурор Чайка хөрөнгө орлогын мэдүүлгээ заавал өгч байх хуулийн хэрэгжилтийг шалгах явцад 41 мянган зөрчил илэрсэн гэжээ. Түүний хэлснээр 2011 оны арваннэгдүгээр сарын дотор авлигын 8334 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Ерөнхийлөгч Дмитрий Медведевийн явуулж байгаа дотоодын бодлогын гол чиглэл нь авлигатай тэмцэх асуудал. Тухайлбал, 2010 оны дөрөвдүгээр сард түүний санаачилгаар авлигатай тэмцэх үндэсний стратеги батлажээ. Үүний зэрэгцээ авлигын эсрэг олон хууль батлаад байгаа юм.Гэвч “Transparency International” олон улсын байгууллагын 2011 оны сүүлчээр гаргасан авлигын чансаанд ОХУ 143 дугаарт бичигдэж, өмнөх жилийнхээс 11 байраар ухарсан юм.