Эзэн ч үгүй, бодлого ч үгүй болсон яам

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

Эзэн ч үгүй, бодлого ч үгүй болсон яам

Хэчнээн өндөр хөгжилтэй ч улс орнуудад нийгмийн хамгаалал шаардлагатай хэсэг байдаг. Мэдээж энэ нь хүн амын цөөхөн хувь нь. Харин манайх шиг хүн ам нь бүгдээрээ төрийн халамж авдаг улс орон байхгүй.

Засгийн газраа байгуулах хэмжээнд эрх мэдэл авахын тулд улс төрийн намууд уралдан байж бэлэн мөнгө, халамж амлаж, энэ нь эргээд төрийн бодлого болж хэрэгжиж ирсний үр дагавар энэ. Сүүлдээ өөрт байхгүй мөнгийг бусдаас зээлж байгаад тэрхүү халамжаа тараагаад байж байна. Нийгмийн хамгаалал гэж юу болох, төрийн халамж гэдэг нь түүнээс ямар ялгаатай юм бэ гэдэг бодлого, концепцийг тодорхойлон хэрэгжүүлж байх ёстой Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам нь сүүлдээ халамж тараадаг байгууллага болж хувирчихаад буй. Нийгмийн халамж, хамгааллын бодлогыг шинэчлэх, тэтгэвэр, тэтгэмжийн тогтолцоог өөрчлөх шаардлага Монголд хэдийнэ бий болсныг олон улсын байгууллагууд, тэр дундаа банк, санхүүгийн шинжээчид сануулсаар ирсэн юм.

Байгалийн асар их баялагтай улс оронд учирдаг нэг эрсдэл болох “баялгийн хараал” буюу голланд маягийн өвчний шинж тэмдэг нь эх захгүй халамж. Чухам ийм зам руу хальтирч яваа Монгол Улсад халамж, тэтгэвэр, тэтгэмжийн реформ хийхэд нь тусламж, дэмжлэг үзүүлж буй гадны байгууллагын нэг нь Дэлхийн банк юм. Тэтгэврийн шинэчлэлийн асуудлаар Дэлхийн банкнаас саяхан зохион байгуулсан хуралд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Н.Номтойбаяр оролцож үг хэлжээ. Түүний хэлсэн үгийг биш үг хэлснийг нь онцолж байгаагийн учир гэвэл түүний уншиж, танилцуулсан зүйлээс Дэлхийн банкныхан чухам цочих шиг болжээ. Аль ч цаг үед бодлогыг улс төрийн албан тушаалтан, эрх барьж буй хүчин боловсруулж, яаманд ажиллаж буй төрийн албан хаагчид хэрэгжүүлдэг. Гэтэл бодлого тодорхойлох хэмжээний хүн нь, дэд сайд нь юу яриад байгааг Дэлхийн банкныхан ойлголгүй үлджээ. Үнэндээ дэд сайд өөрөө юу ярьж байгаагаа ойлгоогүй хойно бусад нь яаж ойлгох вэ дээ… Хөдөлмөрийн нас нь дууссаны дараа хүн болгон тэтгэвэр авдаг гэдгийг эрх биш мэддэг л байх. Гэхдээ хүн болгон насаараа ажиллаад ч банкинд хуримтлалтай болж чаддаггүй , тэтгэврээс өөр зүйл харж хүлээх найдваргүй нийгэмд бид амьдардгийг харин мэддэг эсэх нь эргэлзээтэй.

Үүнээс үүдээд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, хатагтай Т.Ганди хаана явна аа гэсэн асуултыг хуралд оролцогсод нэг нэгэндээ тавьжээ. Улс төрд олон жил явсан, энэ хэрээр хат суусан, хатан ухаантай бүсгүй хүн уг нь энэ яамыг удирдаж ирсэн атал нийгмийн хамгааллын олон асуудалд санаачилгагүй хандсаныг нь гадныхан мэр сэр шүүмжлэх дуулддаг. Гэхдээ Монголын улс төрийн араншинг мэдэх хүмүүс сайд бол намын бодлогыг хэрэгжүүлэхээс илүү гарч ажиллах боломжгүй гэдгийг гадарладаг л байх.

Эдийн засаг хүндхэн үед улсын төсвөө бүрдүүлэх гэж гадны зээл, тусламж горьддог байх үедээ Монголын эрх баригчид Дэлхийн банк, ОУВС-г үг дуугүй дагадаг байлаа. Учир нь тэдний зөвлөгөөг хүлээн авч хэрэгжүүлж байж, зээлжих эрхээ нээлгэдэг байсан. Харин одоо зээл тусламж харахгүйгээр, газрын баялгаа барьцаалж байгаад мөнгө босгочихдог арганд мэргэшсэн улс болчихоод хэн бугайн ч зөвлөгөөг хүлээж авахаар болтлоо пээдийчихээд буй хойно яая гэхэв.

Халамж, бэлэн мөнгө инфляцийг хөөрөгдөх ойрын аюултайгаас гадна холын урхагтай гэдгийг олон улсын санхүүгийн байгууллага хэлсээр л ирсэн. Хариуд нь бид халамж амлаад, халамжаа тараагаад л байсан. Нийгмийн хамгааллын яам нийгмийн хамгааллын асуудлыг ч орхигдуулж, хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг ч зөнд нь хаясан. Одоо бүр эзэнгүй мэт болчихжээ. Сайд нь гадаадад Элчин сайдаар томилогдох тийзээ авснаас хойш хурал цуглаанд ховор үзэгдэж, дэд сайд нь түүнийг төлөөлөх болсон байна. Буцах эхнэрт үнээ, тугал нийлэх хамаагүй гэдэг болсон хэрэг үү?

Эх сурвалж: http://topmedee.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж