Ерөнхийлөгчийн Германд хийх айлчлал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн Германд хийх айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ, гэргий Хажидсүрэнгийн БОЛОРМАА нар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Ёоахим Гаукийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийхээр 2012 оны 3-р сарын 28-ны өдөр Берлин хотод хүрэлцэн ирлээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хөлөглөсөн онгоц Германы нисэх хүчний хамгаалалтын онгоцоор хамгаалуулан “Тегель” олон улсын нисэх онгоцны буудалд газардсаны дараа угтах ёслол болов.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  айлчлалын  хүрээнд ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ё.Гаук, Холбооны Канцлер А.Меркель, Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмер, Холбооны дэд Канцлер Эдийн засаг, технологийн сайд Ф.Рөсслер, Берлин хотын дарга К.Вовэрайт болон бусад албаны хүмүүстэй уулзаж, Бундестагт үг хэлнэ. Мөн Хамбург, Дюсселдорф хотуудад зочилж, Герман Улсын аж үйлдвэрийн шилдэг бүтээн байгуулалтууд, шинжлэх ухаан, түүх, боловсролын томоохон байгууллагуудтай танилцах юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү  айлчлал нь Монгол Улсаас Европт хийж буй анхны төрийн айлчлал төдийгүй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-ын шинэ Ерөнхийлөгч Ё.Гаукийн анхны зочин болж байгаагаараа тус улсын улс төрийн хүрээнийхэн болон хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татаж байна.

ХБНГУ нь Монгол Улсын Европ дахь гол түнш юм. 2008 онд Монгол Улс, ХБНГУ хоорондын иж бүрэн түншлэлийн харилцааны тухай хамтарсан тунхаглал, 2010 онд ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын засгийн газар хоорондын хэлэлцээр тус тус байгуулагдсан. Энэ удаагийн айлчлалаар хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, харилцан ашигтай хамтран ажиллах чиглэлээр бодитой, үр дүнтэй яриа хэлцлийг хийхээр төлөвлөж байна.

Ерөнхийлөгчийг дагалдан Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд Ц.Дашдорж, УИХ-ын гишүүн О.Чулуунбат, УИХ-ын гишүүн Л.Болд, Эрдэс баялаг эрчим хүчний дэд сайд Ц.Гарамжав, Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн болон албаны бусад хүмүүс хэвлэл мэдээлэл, бизнес, соёл урлагийн  төлөөлөгчид айлчлалын бүрэлдэхүүнд багтаж байна.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж