Сонгуулийн хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэв

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэв

Гомдлуудыг нэгтгэв

Шинээр
батлагдсан УИХ-ын сонгуулийн хуулийн зарим заалтыг Үндсэн хуулийн цэцэд
өгсөн. Нийт 17 хүнээс Үндсэн хуулийн цэцэд өргөдөл, гомдол ирүүлснээс
аравт нь маргаан үүсгэхээс татгалзан долоод нь маргаан үүсгэснийг нь
өчигдөр Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа нэгтгэн авч
хэлэлцсэн юм. Нэг хуулийн зөрчлийн талаар гомдлууд байсан тул зарим
иргэдийн мэдээллийг гурав хүртэл сар хүлээлгэн байж ийн нэгтгэн хэлэлцэж
буй гэнэ. Гомдол хэлэлцэх заалтууд нь УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн
хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.9, 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а,
49.1.5.б, 49.1.5.в, мөн зүйлийн 49.1.6 дахь заалтын холбогдох хэсэг аж.
Эдгээрээс гол маргаад буй зүйл нь гэвэл “48:28” гэх сонгуулийн
тогтолцоотой холбоотой. Тодруулж тайлбарлая. Хуулиар 48 нэр дэвшигч
тойргуудаас өрсөлдөж гарч ирэхээр болсон. Үүнийг нь мажоритари систем
гээд байгаа. За үүний дараа 28 суудал хоосон үлдэнэ. Үүн дээр нь
намуудын жагсаалтын дагуу нэр дэвшигчид орж ирнэ. Гэхдээ намын жагсаалт
гарахдаа иргэдээс хэн хувьдаа хамгийн өндөр санал авсан нь урдуур
бичигдэх, тэр хэрээр сонгогдох магадлал өндөр байх аж. Үүнийг нь
пропорциональ систем гээд байгаа юм. Маргаан үүсээд буй гол зүйл энэхүү
жагсаалтад тойрогт өрсөлдсөн хүн дахин орох нь буруу гэж буй бөгөөд
үүнийг салгахыг шаардаж буй аж.  

Тайлбар: Санал гээгдэхгүй байх зарчим

Энэ
маргаанд УИХ-ын зүгээс их анхаарал хандуулжээ. Цэцийн хуралдаанд гишүүн
Э.Бат-Үүл, Р.Гончигдорж, Ж.Сүхбаатар гурвыг төлөө­лөг­чөөрөө оруулсан
аж. Нөгөө тал ч дутахааргүй анхаарлаа тавьсан ба өргөдөл гаргагч
иргэдийг төлөөлөн зургаан хуульч сууж байв. УИХ-ын зүгээс асуудалд ийн
анхаарал хандуулж урьд өмнө нь байгаагүй олон төлөөлөгч томилсонд
хуралдаан даргалагч талархал илэрхийлээд ирсэн гомдлууд болон УИХ-аас
гаргасан тайлбарыг танил­ц­уулав.
Маргааны гол зүйл нь үндсэндээ
“санал гээгдэхгүй байх зарчим” болон “заримд нь нэг боломж байхад заримд
нь хоёр боломж байж болохгүй” гэдэгтэй холбоотойгоор өрнөв.

УИХ-ын
төлөөлөгчид яагаад тойрогт өрсөлдсөн нэр дэвшигч дахин жагсаалтад орж
ирэх болсон талаараа тайлбарлалаа. Энэ нь үндсэндээ санал гээгдэхгүй
байх зарчим байлаа. Жишээ нь, хэдийгээр тойрогт ялалт байгуулаагүй ч
олон хүн тухайн нэр дэвшигчийн төлөө саналаа өгснийг нь шалгуур болгон
жагсаалтад оруулах аж. Ингэснээрээ жагсаалтад намын даргад таалагддаг
нөхдүүд биш, ард түмнээрээ үнэлэгдсэн хүн сонгогдох боломжтой болж буй
хэрэг. Гэвч иргэн П.Одгэрэл нар ингэж бодохгүй байгаа бөгөөд сонгогдох
эрхээс гадна сонгох эрх зөрчигдөж байна гээд “УИХ-д хоёр удаа өрсөлдөх
боломжтой болгосноор тэгш эрхийн зарчимтай зөрчилдөнө” гэх тайлбарыг
хийв.

Үүний дараа УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч

Р.Гончигдорж
“Олон түм­нээс авсан үнэлгээгээрээ л би жагсаалтад орох нь гэж байгаа
нь чухал. Сонгуулийн хуулиар хэн нэгний эрхийг хязгаарласан зүйл байгаа
гэвэл мөнгө, эрх мэдлээрээ түрий барьж парламентад орох гэсэн дарга
нарыг л хязгаарласан. Бие даагч иргэнд нам байгуулах боломж бий. Тэр
боломжоо ашиглах эрхийг нь хэн ч хаагаагүй. Үндсэн хууль зөрчсөн гэж
үзээд хүчингүй болголоо гэхэд хуучин хуулийн зохицуулалт нь тийм сайн
зохицуулалттай байгаа хэрэг үү”,

Ж.Сүхбаатар “Нам санал авсан,
нэр дэвшигч нь мөн л санал цуглуулсан. Үүний төлөө саналаа өгсөн
хүмүүсийн саналыг орхигдуулахгүй гэх үүднээс л энэ зохицуулалтыг хийсэн.
Хэн гэдэг иргэний яг ямар эрхийг нь хязгаарласан юм бэ гэхээр тийм зүйл
байхгүй л байгаа биз дээ”, 

Э.Бат-Үүл “Үндсэн хуу­лийн заалтыг
тодорхой ойлгож, асуудалд хандах хэрэгтэй. Сон­гуулийн дүнг гаргахдаа
сонгогчдийн өгсөн саналыг гээхгүйгээр гаргах нь Үндсэн хуулийн шударга
ёсны зарчмын хангасан. Эрх чөлөө, тэгш байдлын зарчмыг зөрчөөгүй гэж
үзэж байна. Гулсалт нь сонгогчдод л давуу байдал өгч буй болохоос биш
нэр дэвшигч­дэд давуу байдал олгосон зүйл байхгүй” гэх тайлбарыг хийлээ.

Анхаарах асуулт: Зургаан сар

Хурлын
эхэнд цэцийн гишүүдээс оролцогчид за­рим зүйл тодруулснаас Р.Гончигдорж
гишүүн ихээхэн чухал санал хэлэв. Тэр нь “УИХ-ын Сонгууль болохоос
зургаан сарын өмнө уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглосон”
заалтыг хэрхэх тухай байлаа. Үнэхээр ийм хууль зүйн орчин байгаа нөхцөлд
цэцээс эцсийн дүгнэлт ямар нэгэн байдлаар гарахаас хамаарахгүй
зохицуулалт үйл­чилж буйг сануулсан нь энэ байв. Цэцийн гишүүнээс энэ
талаар тайлбар хийсэн бөгөөд цэцийн гишүүн “алдаагаа засах” болон
“хуульд нэмэлт өөрчлөлт оруулж болохгүй” гэдэг нь ялгаатай гэх утгаар
тайлбарлав. Цэцийн гишүүний хэлж буй санаа нь “Зургаан сарын хуга­цаанд
хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэдэг заалтад алдаагаа засах нь
хамаарахгүй. Өөрөөр хэлбэл шинэ хуулийн заалтыг мөрдөхгүй байж болно”
гэж ойлгогдохоор байлаа. Энэ тайлбарыг цааш нь хэлэлцээгүй бөгөөд нэгэн
тодорхойгүй зүйл гарч ирсэн нь хуульд нэмэлт өөрчлөлт оруулж болохгүй
байх зургаан сарын хугацаанд Үндсэн хуулийн цэцийн аливаа шийдвэрийг
хэрхэх тухай байсан юм.

Гадаадад буй иргэд намын төлөө л санал өгөх болсон учир

Хуралдаанаар
хөндөгдсөн дараагийн асуудал нь “гадаадад буй иргэд зөвхөн намын төлөө
санал өгнө” гэх зохицуулалтын хүрээнд өрнөв. Үүнийг нь өргөдөл гаргагч
иргэдийн зүгээс буруутгасан ба “яагаад гадаадад буй иргэд хувь нэр
дэвшигчийг дэмжиж болохгүй юм бэ” хэмээн асууж байв. Гэвч үүний хариу нь
тайлбар хийсний дараа ойлгомжтой боллоо. Ингэж зохицуулсан нь учиртай
бөгөөд нэр дэвшигч мэдээж нэг тойрогт өрсөлдөж буй, гэтэл сонгогч аль
нэг тойрогт харяалагдаж байж л хэн нэгэн хүний төлөө санал өгөх боломж
үүсэх юм. Гэтэл гадаадад буй иргэдийн хувьд энэ нь боломжгүй тул зөвхөн
намын төлөө л санал өгөх боломж үлдэж байгаа нь энэ. Гишүүн Ж.Сүхбаатар
энэ талаар нэмэлт тайлбар хийсэн ба “Энэ удаагийн сонгуулийн хуулиар анх
удаа гадаадад буй иргэдийн сонгох эрхийг баталгаажуулж байгаа. Мэдээж
шинэчлэлийн үндсэн дээр дараа дараагийн удаад илүү боломж гарах ба Франц
улс нь гадаадад буй иргэдийгээ нэг тойрог хэмээн зарлаж, нэр дэвшигч
гарган санал өгдөг зохицуулалтыг ч цаашид өөрийн нөхцөлд буулгаж ирэх
боломжтой” гэж байв.

Цэц шийдвэрээ гаргав

Өглөөний
9.00 цагаас үдийн 14.00 цаг хүртэл хуралд­сан цэцийн дунд суудлын
хуралдааны шийдвэр оройхон гарлаа. Ингээд Улсын Их Хурлын сонгуулийн 26
тойрогт 48 мандатын төлөө нэр дэвшигч­дээс тус тусын тойрогтоо ялагдал
хүлээсэн боловч тэдгээрээс 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр
дэвшигч Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох боломжийг бий болгон
хуульчилсан нь Үндсэн хуулийн заалтуудыг тус тус зөрчсөн байна гэсэн
дүгнэлтийг гаргав. Мөн нэр дэвшигч нь жагсаалтад шилжин орсноор Улсын Их
Хурлын гишүүний мандат буюу суудлыг нам, эвсэлд тэдгээрийн авсан
саналын хувь хэмжээгээр хуваарилах агуулгатай сонгуу­лийн хувь тэнцүүлэх
хэлбэр хэрэгжих боломжгүйд хүрч, улмаар иргэдийн шууд сонгох эрхийг
алдагдуулсан хэмээн дүгнэж. Ийн цэц дунд суудлын хуралдаанаараа шийдвэр
гаргалаа.  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн дагуу
асуудал цааш үргэлжлэх нь тодорхой. Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурлын
чуулганы завсарлагааны хуга­цаанд гаргасан тул гаргасан тул  УИХ-ын
хаврын чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэн
шийдвэрлэх юм. Хэрэв Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрөөгүй тогтоол
гаргасан бол түүний үндэслэлийг Цэц бүрэн бүрэлдэхүүнтэй хурал­даанаар
маргааныг эхнээс нь дахин хэлэлцэж, Улсын Их Хурал дүгнэлтийг хүлээн
зөв­шөө­­рөөгүй үндэслэл зөв болох нь нотлогдвол өмнөх дүгнэлтээ
хүчингүй болгох, хэрэв үндэс­лэл нь батлагдахгүй бол Улсын Их Хурлын
тогтоолыг хүчингүй болгож тогтоол гаргах болно.

        Б.ЭНХМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж