Оросын төмөр зам тарифаа нэмнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

Оросын төмөр зам тарифаа нэмнэ

Оросын Төмөр Зам (РЖД) компани хөрөнгө оруулалтын зардлаа ачаа тээврийн тарифтаа нэмж “суулгах” замаар одоо байгаа тарифийн хэмжээг дөрвөн хувиар нэмэгдүүлэх саналыг холбогдох яамандаа тавьсан байна. Оросын Тээврийн яамны зөвлөлийн хурал дээр “РЖД” компанийн дэд ерөнхийлөгч Вадим Морозов үг хэлэх үедээ энэ саналыг албан ёсоор тавьсан гэж Оросын мэдээллийн сувгаар мэдээлж байгаа юм. Хэдийгээр Оросын холбогдох яам болон шинжээчид “РЖД” зэрэг монополь компаниуд тарифийн огцом өсөлтийг бий болгох ёсгүй гэсэн байр суурь илэрхийлж байгаа ч Оросын төмөр замын сүлжээг бүхэлд нь хянаж байгаа энэ компанийн байр суурь өөрчлөгдөхгүй бололтой. Учир нь “РЖД” компани асар том хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг 2020 он гэхэд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд үүнд нь маш их хэмжээний буюу дөрвөн триллион 138 тэрбум рублийн хөрөнгө шаардагдаж байгаа юм байна. Энэ их хөрөнгийг олохын тулд “РЖД” өөрийн боломжоо ашиглах ёстой гэж компанийн удирдлагууд үзэж байгаа ажээ.   

Тиймээс ирэх жил буюу 2013 оноос эхэлж Оросын төмөр замын ачаа тээврийн тарифыг дөрвөөс доошгүй хувиар нэмэх нь бараг л гарцаагүй зүйл гэж үзэж болох аж. Тэгээд ч “РЖД” компанийн удирдлагууд Оросын ерөнхий сайдын орлогч Игорь Шуваловтой Владивостокт уулзаж  зөвлөлдсөний дараа ийм санал оруулж ирж байгаа тул асуудлыг ОХУ-ын Засгийн газрын зүгээс дэмжинэ гэж найдаж байгаа гэнэ. Одоогоор Оросын төмөр замын ачаа тээврийн тарифт хөрөнгө оруулалтын зардлыг албан ёсоор оруулахгүй байгаа ч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бол цаанаа тусгасаар ирсэн аж. Харин ийнхүү албан ёсоор санал тавин шийдүүлбэл “РЖД” компанид оруулж байгаа хөрөнгө оруулалтын зардал ч нэлээд нэмэгдэх учиртай гэнэ. Оросын эдийн засагчдын гаргаж байгаа мэдээллээр бол 2012 онд Оросын төмөр замын ачаа тээврийн тариф өөрийн орны дотоод дахь инфляцийн хэмжээтэй ижил буюу зургаан хувийн нэмэгдэлтэй гарсан бол ирэх 2013 онд тариф дахин 5.5 хувиар нэмэгдэхээр байгаа аж. Харин 2014 онд тарифийн өсөлт таван хувиар нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа гэнэ.

Оросын Засгийн газар төсвөөс “РЖД” компанид нэмэлт хөрөнгө гарган өгч байгаа бөгөөд энэ нь тус компанийн хүсч байгаа тарифын өсөлтийг танаж багасгасныхаа “компенсаци” болгон өгдөг ч цаашдаа энэ нь хангалттай арга хэмжээ болж чадахгүй гэж “РЖД” үзэж байгаа гэнэ. Оросын Засгийн газар энэ жил гэхэд л РЖД компанид улсынхаа төсвөөс 40 тэрбум рублийг дээрхи шалтгаанаар хуваарилж өгөөд байгаа юм байна. Өмнөх гурван жилд ч мөн Оросын төсвөөс “РЖД” компанид тарифын үнээ барьж байхад нь зориулж жил бүр 50 тэрбум рублийг хуваарилж байсан ажээ. Гэвч энэ бүх арга хэмжээ “РЖД” компанийн буюу Оросын төмөр замын цаашдын хөгжилд хэрэгтэй хөрөнгө оруулалтыг нөхөж чадахгүй гэж тус компанийн удирдлагууд нь гомдоллож байгаа гэнэ. Оросын төмөр замынхны хэлж байгаагаар бол зарим нэг газар нутагт ачаа тээврийг бүрэн хүргэж чаддаг болж, ачаа тээврийн эргэлтээ нэмэгдүүлэхийн тулд дахиад 6000 км нэмэлт зам барих хэрэгтэй байгаа ажээ. Гэхдээ энэ хэмжээ 18000 км ч болох үндэслэл бас байгаа гэнэ. Энэ ажлыг хэрэгжүүлэхийн тулд “РЖД компанид наад зах нь 2015 оны эцэс гэхэд ядаж 600 тэрбум рублийн хөрөнгө оруулалт шаардлагатай болж байгаа гэж тус компаниас мэдэгдэж байгаа юм. Харин энэ их хэмжээний хөрөнгө оруулалтын бараг 70 орчим хувь буюу 400 тэрбумыг нь “РЖД” компани өөрсдөө гаргах боломжгүй гэжээ.

ОХУ-ын Тээврийн сайдын орлогч Недосеков “РЖД” компанийн зүгээс хэрэгжүүлэхээр төлөвлөн санал оруулж буй хөрөнгө оруулалтын дээр дурдсан төслүүдийг яамны зүгээс бүрэн дэмжиж байгаа гэж хэлсэн байгаа бөгөөд асуудлыг “РЖД”-ийн талд шийдэхэд дэмжлэг үзүүлэх бодолтой байгаа аж. Тэрээр “РЖД” компанийн хөрөнгө оруулалтыг “босгох” төлөвлөгөө нь 2015 он хүртэл тээврийн салбарыг хөгжүүлэхээр Оросын холбооны улсын хэмжээнд төлөвлөж байгаа цогц хөтөлбөрт тусгагдсан гэж хэлсэн байна. Мөн тэрээр хэрэв 2015 он хүртэл хугацаанд “РЖД” компанийн саналын дагуу Оросын төмөр замын ачаа тээврийн тарифт хөрөнгө оруулалтын зардлыг нэмж суулгавал тус салбарыг хөгжүүлэхэд нэмэр болох нэг триллион рублийг олж авч болно гэж мэдэгдэж байсан аж. Ингэснээр “РЖД” компанийн төлөвлөсөн 2020 он хүртэлх хөгжлийн төлөвлөлтөд хэрэгтэй байгаа дөрвөн триллион гаруй рублийн багагүй хувийг “босгоно” гэж үзэж байгаа юм байна. Оросын төмөр замыг хөгжүүлэхээр төлөвлөсөн дээрхи төслүүдийн хөрөнгийг Москва-Санкт- Петербург хоорондын өндөр хурдны галт тэрэгний  зам тавих, мөн БАМ буюу Байгаль-Амурын төмөр замын өргөтгөх зэрэг томоохон төслүүдэд зарцуулахаар төлөвлөсөн байгаа аж. Харин ОХУ-ын Эдийн засаг, хөгжлийн яамнаас дээрхи “РЖД” компанийн санал болгосон ачаа тээврийн тарифийг нэмэх асуудлыг дэмжихгүй байгаа юм байна. Тус яамны зүгээс “Одоогийн засгийн газар инфляцийг бууруулах гэж тэмцэж байгаа энэ үед “РЖД” компани тарифийг дөрвөн хувиар нэмэгдүүлэхийг зорьж байгаа нь хэтэрхий их тоо байна” гэж мэдэгдсэн аж.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж