Эртний нүүдэлчдийн урлаг, соёлтой танилцуулна

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

Эртний нүүдэлчдийн урлаг, соёлтой танилцуулна

Монгол Улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Казахстан улсын Евроазийн Их сургуулийн Түрэг, Алтай судлалын төвийн судалгааны ангитай хамтран өнгөрсөн оны долдугаар сараас аравдугаар сарын хооронд Булган аймгийн Баяннуур сумын нутаг Улаан хэрэмийн Шороон бумбагар хэмээх газраас эртний нүүдэлчдийн том язгууртных байж болох иж бүрэн бунхант булшийг нээн илрүүлжээ. Түүх, соёлын хосгүй олдворт тооцогдож буй энэхүү бунхан 42 метр урт, 180 сантиметр өргөн, 7,5 метр гүнтэй аж. Бунхны хана 40 гаруй түүхийн дурсгалт зурагтай бөгөөд ийм ханын зурагтай бунхан Монголд төдийгүй Төв Азийн бүс нутгаас олдож байгаагүй гэнэ. Энэхүү бунхныг археологийн судлаачид баялаг олдвортой тул “Эртний нүүдэлчдийн урлагийн галарей” гэж нэрлэжээ. Уг бунхан тоногдоогүй, өдийг хүртэл нууцаа хадгалсаар ирсэн нь маш ховор тохиолдол болсон гэдгийг судлаачид хэлж байна. Бунхан маш баялаг бөгөөд нийт 570 гаруй олдвор илэрчээ. Үүнд 150 орчим алтан эдлэл, 110 гаруй шавар болон модон эдлэл, төмөр, хүрлээр хийсэн олдворууд 17, мөнгөн эдлэл 12 ширхэг байна. Эдгээр ховор олдворуудыг судлаачид VII зууны үед одоогийн Монгол Улсын нутагт оршиж байсан Түрэг угсааны нүүдэлчдийн нэгэн том язгууртны бунхант булш хэмээн урьдчилсан байдлаар тодорхойлжээ. Малтлагын үеэр Хархорум музейн баг хамтран ажиллаж, илэрсэн олдворуудыг бүртгэх, баримтжуулах, зөөвөрлөх, нэрлэх ажлуудыг хийж сан хөмрөгтөө хадгалжээ. Эдгээр түүхэн ховор олдворуудыг танилцуулахаар БСШУЯ, ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Хархорум музей хамтран “Уран зургийн галарей”-д үзэсгэлэн гаргахаар болжээ. Үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 12.00 цагаас болох бөгөөд дөрөвдүгээр сарын 22-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.

Энэхүү малтлагыг ахлан ажилласан, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн төслийн зохицуулагч доктор, профессор А.Очиртой уулзаж ярилцлаа.

-Монгол, Казахстаны хамтарсан эрдэмтэн судлаачид VII зууны үед хамаарагдах түүхийн хосгүй олдвор өнгөрсөн онд нээн илрүүлж, “Уран зургийн галарей”-д үзэсгэлэн гаргах гэж байна. Тэгэхээр энэ олдвор юугаараа түүхийн хосгүй, үнэт олдворт тооцогддог юм бол?

-Маргааш /өнөөдөр/ нээгдэх гэж буй үзэсгэлэнгийн гол үзмэрүүд нь Булган аймгийн Баяннуур сумын нутаг Улаан хэрэмийн Шороон бумбагар гэдэг газраас Монгол, Казахстаны эрдэмтдийн баг хамтран малтлага хийж, нээсэн олдворууд байна. Түүхийн хосгүй үнэт энэхүү олдвор нь иж бүрэн ханын зурагтай, маш баялаг олдвортой. Газар доор тусгай байгууламж хэлбэрээр хадгалагдаж ирсэн олдворууд болон талийгаачийн чандар байх юм. Иймэрхүү төрлийн түүхэн олдворыг бунхант оршуулга гэж нэрлэдэг юм. Үзэсгэлэнгээр бунхны бүтэц, зохион байгуулалт болон голлох олдворуудыг олон нийтэд дэлгэн харуулна.

Энэ бунханд хадгалагдаж ирсэн олдворууд нь Монгол төдийгүй Төв Азийн нүүдэлчдийн нутгаас урьд өмнө нь олдож байгаагүйгээрээ онцлогтой. Маш баялаг олдворуудтай болохоор нь “Эртний нүүдэлчдийн урлагийн галарей” гэж эрдэмтэн судлаачид нэрлэсэн юм. 

-Бунхнаас 570 гаруй түүхийн үнэт олдворууд илэрсэн гэсэн. Тэгэхээр өнөөдрийн үзэсгэлэнд бүх олдворуудыг тавих уу?

-Бунхнаас олдсон чухал олдворуудаас 300 гаруйг нь өнөөдөр “Уран зургийн галарей”-д нээгдэх үзэсгэлэнд тавина.  Ер нь бол бунхнаас 150 орчим алтан эдлэл, 110 гаруй шавар болон модон эдлэл илэрсэн. Энэ 150 гаруй алтан эдлэлийн 41 нь алтан зоос бөгөөд ихэнх зоосны дүрслэлүүд хоорондоо адилгүй. Алтан зоос дээр хүний болон амьтны толгойн дүрс, төрөл бүрийн хээ угалз ч байна. Зарим нь бүр эртний Рүни болон латин үсэг бүхий бичээстэй, бас зарим нь сэнжтэй юм. Зооснуудыг торгонд боож, талийгаачийн чандрын доод талд байрлуулсан байв. Уг зооснуудын дийлэнх нь Византын эрин үетэй холбогдож байгаа юм. Тэрчлэн Константинополь хотноо МЭ 630 онд үйлдсэн гэгддэг зоос ч бий. Тэгэхээр энэ зооснууд нь Монгол нутагт VI-VIII зууны үед оршиж байсан нүүдэлчид Бага Ази Константинополь, өрнө дахинтай харилцаж байсны томоохон гэрч болж байна. Мөн алтан бумба, бүсний гархи, арал, ээмэг бөгж, бугуйвч, хонх зэрэг эдлэлүүд нь тухайн үеийн урчуудын мэргэжлийн төвшин, арга барилыг харуулсан гайхамшигт олдворууд юм. Цэцгэн хээтэй алтан эдлэл олдсоныг судлаачид титэм байж болзошгүй гэж үзэж байгаа. Хээ нь Энэтхэг гаралтай. Мөн бүсний алтан чимэглэл тав илэрсэн нь түүхийн ховор дурсгалд яах аргагүй тооцогдоно. Хос алтан ээмэг нь гэхэд л Хөдөө Цайдамаас олдсон Түрэг ээмэгтэй адил байгаа нь уг дурсгалын он цагийн нэгэн нотолгоо болж байна. Ингэж хосгүй үнэтэй, ховор нандин, баялаг олдвор илэрсэн нь бунхны эзэн хаан юм уу, хааны дараах язгууртан байсан гэж үзэхэд хүргэсэн юм.

Шавар болон модон эдлэлийн 90 нь хүний баримал. 13 нь эмэгтэй, үлдсэн нь эрэгтэй хүний баримал байгаа юм. Эдгээр хүмүүсийн царай төрх өөр өөр байгаагаас бодит хүмүүсийн дүрсэлсэн байх гэж урьдчилан тодорхойлоод байна. Өмссөн хувцас хунар нь хүртэл өөр. Тэгэхээр талийгаачийн захиргаанд байсан юмуу эсвэл түүнд үйлчилдэг шадар хүмүүсийнх нь бодит дүрс байж болох юм. Мөн ялтсан хуягтай морин цэргүүд байгаа нь тухайн үеийн Төв Азийн нүүдэлчид өвч хуяг бүхий морин цэрэгтэй байж. Тиймээс морь, хүний хуягийг судлах шаардлагатай гэж бид үзэж байна. Морьтон цэргүүд нь лимбэ буюу цоор маягийн урт нарийхан, бас олон гуурсыг эгнүүлэн холбоод, гадуур нь уут шиг зүйлээр бэхэлж хөдөлгөөнгүй болгосон үлээвэр хөгжим гартаа барьж, хөгжимдөж буйгаар дүрсэлсэн. Энэ нь VII зууны үед цэргийн хөгжим бий болсны хөдөлшгүй нотолгоо болж байна. Мөн шавраар урласан нохой, хонь, гахай зэрэг амьтнаар талийгаачийн сүнс, сүлдэнд тахилга өргөсөн бололтой.

-40 гаруй ханын зураг олдсон гэлээ. Эдгээр зургуудыг үзэсгэлэнд гаргана биз дээ?
 
-Тийм ээ. Энэ үзэсгэлэнгийн хамгийн гол үзмэрүүд нь ханын зураг байна. Бунхны үүдэвчний хоёр талын хананд болон бунханд өнгө ялгаж зурсан 40 гаруй ханын зураг байсан. Уг зурагт 24 хүн, бар, луу, бадам цэцэг, домгийн амьтан, нохой тус бүр нэг, навчтай мод долоо, эмээл хазаартай морь хоёр, сүм болов уу гэмээр барилга хоёр дүрслэгдсэн байгаа юм. Ханын зурагт дүрслэгдсэн хүмүүсийн хийж буй үйлдэл, өмссөн хувцас, зүүсгэл, нүүр царай шавар эдлэлийн нэгэн адил бүгд өөр өөр. Мөн үүдэвчний баруун хананд зурсан цагаан барын зурагны урт 7,9 метр байгаа нь дэлхий дээр илэрч олдоод буй хамгийн том хэмжээтэй бунхны ханын зураг болсон. Бас бунхны хананд саглагар моддын доор эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг зурсан нь цэцэрлэгт хүрээлэнд зугаалж яваа мэт сэтгэгдэл төрүүлэхүйц сонин зохиомжтой. Урьд нь ийм иж бүрэн ханын зураг Төв Азийн нүүдэлчдийн нутгаас ер олдож байгаагүйн хувьд эрдэмтэн, судлаачдын анхаарлыг маш ихээр татаж байгаа.

-Бунхны үүдэвч гэж юу вэ?

-Үүдэвч гэдэг маань газрын доогуур шурган явсаар 7,5 метрийн гүнд буй бунханд хүрдэг тунель буюу хонгил юм. Энэ хонгилын хоёр талын хананд болон бунханд өнгө ялган зурсан 40 орчим зураг байсан. Бунхан дотор талийгаачийн чандар, олдворууд байсан юм. Харин бунхан хүртлээ газрыг гудайлган ухсан 42 метр урттай тунель гаргажээ. Үүнийг нь үүдэвч гэж нэрлэдэг юм. 42 км тунель гэдэг бол одоогийн Сансарын тунелийн хэмжээний урт гэсэн үг шүү дээ. Энэ тунелийнхээ ханаар 40 гаруй зураг байрлуулсан байсан. Ийм ханын зураг урьд нь Төв Азид төдийгүй нүүдэлчдийн нутагладаг газраас олдож байгаагүй. Тийм ч учраас эдгээр олдворууд түүхийн шинжлэх ухаанд шинэ хуудас нээж байгаагаараа өндөр ач холбогдолтой юм. Иймэрхүү бунхан Зүүн Азид буюу Япон, Солонгос, Хятад гэсэн гурван улсад олдож байсан юм. Харин бунхан дотроо чандрынхаа хамт эдгээр олдворуудыг хадгалсан байсан.

-Бунхны ханын зургуудыг харахад Хятад, Японых болов уу гэмээр зурагнууд байна. Энэ лууны зураг байна. VII зууны үед Монголын нүүдэлчдэд лууны талаарх ойлголт байсан гэж үү?

-Энэхүү Шороон бумбагарын бунхант булшийг бид урьдчилсан байдлаар манай тооллын VII зуунд хамаарна гэж үзэж байгаа. Тэр үед манай нутагт Түрэгийн хант улс оршин тогтнож байсан. Тэгэхээр уг дурсгалыг бид Түрэгийн үеийнх гэж бодож байна. Японы Түрэг, Уйгур судлалын нэртэй эрдэмтэд ирж уг дурсгалыг vзсэн. Тэдний хэлж байгаагаар бол тухайн үеийн Хятадад оршин тогтнож байсан Тан улсын бүх түшмэд найман зэрэгт хуваагддаг. Зэрэг бүр нь єєр єєрийн євєрмєц хувцас хунартай байсан. Шороон бумбагарын ханын зурагт дүрсэлсэн хүмүүсийн алиныг нь ч Тан улсын тийм зэргийн тvшмэлийн дүрс гэж хэлэх арга алга. Энэ дурсгал орон нутгийн онцлогийг хадгалсан гэмээр байна гэсэн. Мөн Хятад улсын зарим эрдэмтэн ирж үзсэн. Тэгээд уг ханын зургуудыг зурсан арга барил, дүрслэлийг нь Хятадтай холбохгүй гэж үзсэн. Манай зураач, урчууд ханын зургуудыг хуулбарлан буулгасан. Тэгэхэд зургуудыг маш чадварлаг үйлдсэн, өөрийн өвөрмөц төрхийг хадгалсан бvтээлүүд байна гэсэн л дээ. Дээрх ханын зургууд нь эртний нүүдэлчдийн уран сайхан, гоо зvйн сэтгэлгээ, зурж дүрслэх арга барил, ертөнцийг үзэх үзэл зэргийг шингээсэн нь бидний үед авчирч буй гайхамшигтай бүтээл, судалгааны болоод танин мэдэхүйн хосгүй эх сурвалж юм.

Мөн үүнийг энгийн жишээгээр тайлбарлаж ч болно. Азийн ханын зурагт дөрвөн зүгийн дөрвөн амьтнаар төлөөлүүлэн зурдаг. Үүнийг дөрвөн зүгийн бэлгэдэл гэдэг юм. Жишээлбэл, цагаан бар бол баруун зүгийн бэлгэдэл, хөх луу зүүн зүгийн бэлгэдэл, яст мэлхий хойд зүгийн бэлгэдэл, шувуу урд зүгийн бэлгэдэл гэдэг. Энэ бэлэгдлүүд Хятадын зурагт түгээмэл анзаарагддаг. Тэгвэл манайх ердөө баруун, зүүн зүгийн бэлгэдэлтэй. Монгол хүн наран ургах зүүн зүг, жаргах баруун зүг гэж ярьдаг. Үүнийг одоогийн бөхийн барилдаанаас харж болно. Зүүний манлай, барууны манлай гэж ярьдаг шүү дээ. Бунхнаас олдсон зурагнуудаас ч мөн адил ийм зүйл харагдаж байгаа юм. Бунханд бар, луу хоёрыг дүрслээд нөгөө хоёр амьтныг нь огт зураагүй байгаа. Тэгэхээр энэ бол Монголын түүхийн хосгүй олдвор юм. 

-Монголдоо төдийгүй Төв Азийн түүхэнд шинэ хуудас нээж буй энэ олдворуудыг хайх, малтах, хамгаалах ажилд төр засаг хэрхэн дэмжлэг үзүүлэв. Миний сонссоноор бол Казахстан улс малтлагын бүхий хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэсэн гэсэн?

-Казахстан улсын талаас малтлагын зардлыг гаргасан. Харин Монгол Улсын Засгийн газраас хамгаалалтын зардлыг даасан юм. Хамгаалалтын хөрөнгө мөнгөний асуудлыг Засгийн газар хэлэлцээд тусгай тогтоол гаргаж байж санхүүжүүлсэн. Миний сонссоноор бол 120 гаруй сая төгрөгийг БСШУЯ-ны нөөц хөрөнгөнөөс гаргасан гэсэн. БСШУЯ бол Засгийн газарт санал оруулж, малтлага хийсэн газрыг хамгаалах, барилга барих зэрэг ажлуудад зарцуулагдах хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэж өгсөн. Үүнийг засаг, төр түүхийн хосгүй олдворуудыг хамгаалахад онцгой анхаарч буй жишээ гэж ойлгож байгаа.

-Энэ мэт түүхэн үнэт олдворуудыг хамгаалахад манай улс хэр анхаардаг юм бэ?
 
-Сүүлийн үед Монгол Улсын Засгийн газар түүх соёлын олдворуудыг хамгаалах асуудалд чухал ач холбогдол өгч байгаа. Уул уурхай гэхэд газрын хөрсний гүнд хүртэл хүчирхэг техникээр ухаж байна. Үүнд түүхийн үнэт олдворууд өртөж болзошгүйг анхаарах хэрэгтэй. Хоёрдугаарт бол байгалийн хүчин зүйлээс болж түүхийн үнэт олдворууд сүйдэх аюултай. Цаг уурын өөрчлөлт, агаар дахь янз бүрийн хорт бодисоос үүдэн чулуун болон металь эдлэлүүд хэврэгшиж байна. Мөн барилга байгууламж ихээр баригдахад түүхийн ховор олдворууд өртөх магадлалтай. Жишээлбэл, барилга,байгууламж, зам, төмөр зам гэх мэт олдворуудад халтай. Үүнээс үүдэн хамгаалахад анхаарал асуудал чухлаар яригдаж байгаа.   

-Малтлагыг Казахстан улсын хөрөнгөөр хийсэн гэдэг. Хамтран судалгаа хийсэн улсууд олдворуудыг хамтран эзэмших, сан хөмрөгтөө хуваан хадгалдаг гэсэн яриа сонссон юм байна. Энэ үнэн үү?

-Тийм зүйл огт байхгүй. Үндсэн хуулинд “Газар доорх болон дээрх баялаг Монгол Улсын өмч байна” гээд заачихсан байдаг юм. Тэгэхээр хэнтэй хамтарч, хэний хөрөнгөөр малтлага хийсэн нь хамаагүй. Нээсэн, илрүүлсэн баялаг нь Монгол Улсын өмч байна. Малтлагад хөрөнгө оруулсан гэдэг утгаараа Казахстан улсын эрдэмтэд судлах л эрхтэй. Малтлагыг хамтран хийнэ, олдворыг хамтран судална, судалгааны ажлаараа хамтран ном гаргана гэсэн үг.

-Та энэ бунхныг яаж олж, нээсэн юм бэ?

-Үүнийг яривал үлгэр шиг урт юм болно. Анх 2001 онд би энэ дурсгалыг олж үзсэн юм. Газраас дээш  дөрвөн метр гаруй өндөртэй, 30 орчим метр диаметртэй шороо овоолго эртний хуучин хотын дэргэд харагдсан. Тэгээд 2002 онд Л.Эрдэнэболд, А.Энхтөр, Н.Ганбат нартай хамт очиж дэвсгэр зургийг нь хийж байлаа. Тэр vеэс хэдий vеийн ямар дурсгал байгаа бол, яаж малтаж судлах вэ гэдэг талаар нэлээд бодож, тандалт хийсэн юм. ОХУ-ын Алс Дорнод, Зvvн хойд болон Зvvн өмнөд Хятад, өмнөд Солонгос, Шинжаан Уйгураар явж, Улаан хэрэмийн Шороон бумбагартай төстэй бvтэц, зохион байгуулалттай дурсгалуудтай танилцан, холбогдох судалгааг нь олж vзсэн юм. Тэгээд Шороон бумбагар бол эртний нүүдэлчдийн том язгууртны бунхант булш юм байна гэдгийг төсөөлсөн. Хамгийн гол нь, малтах аргаа зөв олох явдал байсан л даа. Тиймээс уг дурсгалд малтлага хийх хоёр арга боловсруулсан юм. Нэг нь газрын хөрсөн дээр байгаа дөрвөн метр орчим өндөр, сууриараа 30 гаруй метр голчтой том шороон овоолгыг авч хаяад, улмаар доош нь бунхны ёроол хvртэл малтая гэж. Нөгөө нь, том шороон овоолгын доор газрын гvнд байгаа бунханд хvрэх vvдэвч /хонгил/-ийг олж, тvvнийг цэвэрлэх замаар бунханд орох явдал байв. Ингээд бид сүүлийн аргыг нь сонгож, үүдэвчийг хайсан. Шороон бумбагарын урд 70 орчим метрт хоёр бондгор шороо байдаг юм. Тэдгээр болон бусад шинж тэмдгийг баримжаалан үүдэвчийг дурсгалын өмнө байна гэсэн шийдэлд хүрсэн л дээ. Тэгээд 2009 оны хавар малтах аргазүйгээ боловсруулаад, зардал мөнгөн дээрээ жаахан гацчихсан юм. 2010 оны сүүлчээс Казахстаны эрдэмтэд хамтран ажиллая гэсэн санал тавьснаар 2011 онд малтлага хийх зардалтай болсон. Ингэж л малтлагын ажлаа эхлүүлсэн дээ. Үүдэвчийг олохын тулд дурсгалын өмнө 40 орчим метр зайд сорил тавихад үүдэвчийн үзүүр нь гарч ирсэн. Тэгээд цэвэрлэх замаар цааш нь малтлагаа үргэлжлүүлсэн. Малтлагаас олдворууд илрэх үед “Хархорум” музейн баг ирж газар дээр нь олдворуудыг бүртгэж данслах, жигнэх, баримтжуулах ажил хийсэн. Мөн бунхны зарим хэсэгт нуралт үүссэн учир уул уурхайн аврах албаны баг очиж бэхэлгээ хийсэн.

-Шороон бумбагарын тэр гайхамшигтай олдворуудыг Хархор­инд аваачсан гэж сонссон. Яагаад Хархориныг сонгосон юм бэ?

-Бүх олдворыг цагдаа нарын тусгай хамгаалалт дор “Хархорум” музейд аваачсан. Уг олдворуудыг тийш нь өгсөн тухайд гэвэл, бас учир бий. Бид Түрэгийн үеийн гурван том дурсгалыг малтан судалж байна. Анхных нь Хөшөө цайдамд байдаг Билгэ хааны онгон. 2001 онд малтан судлаад гарсан олдворуудыг нь Үндэсний музейд хадгалуулсан юм. Хоёр дахь нь Заамарын Шороон бумбагар юм. Бид тэндээс илрүүлсэн дурсгалуудыг Дүрслэх урлагийн музейд шилжүүлсэн. Дээрх хоёр газрын олдворууд хоёулаа Тvрэгийн үед хамаарна. Өнгөрсөн онд малтан судалсан Улаан хэрэмийн Шороон бумбагар ч бас Түрэгийн үеийн дурсгал юм. Иймд нэг үед хамаарах дурсгалыг бүгдийг нэг газар Улаанбаатарт хадгалснаас өөр газар тухайлбал, “Хархорум” музейд шилжүүлэх саналыг бид гаргасан юм. Манай яам ч энэ саналыг дэмжсэн. Тэгээд ч Монголын эзэнт гүрний нийслэлд дотоод, гадаадын хүмүүс үзэж сонирхох зүйл элбэг байгаасай гэж хүссэн юм.

Б.ОЙНБИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж