Юутай ч Засгийн газар шинээр төмөр зам барих төслийг “Монголын төмөр зам” компанид биш “Үндэсний төмөр замын суурь бүтэц” компаниад хариуцуулахаар шийдвэрлэв. Уг нь дээрх хоёр компанийн нэр нь өөр болохоос үйл ажиллагааны хувьд нэг их ялгаа байхгүй л дээ. Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2008 онд Монгол Улсын Засгийн газар яг ийм статустай “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийг байгуулж байлаа. Тус компанийн www.mtz.mn сайтад үндсэн үүргийнхээ талаар тавьснаас нь сонирхуулахад төмөр замын суурь бүтэц барих, ашиглах, төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх, төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг үйлдвэрлэх, угсрах, засварлах, улсын төсвийн хөрөнгөөр болон гадаадын зээл тусламжаар төмөр замын салбарт үүсэн бий болсон хөрөнгийг эзэмшинэ гээд олон зүйл багтсан байна лээ. УИХ-аас 5683.5 км төмөр замын суурь бүтцийг гурван үе шаттайгаар 1520 мм-ийн өргөн царигаар барихаар баталсан бөгөөд эхний үе шатанд нийт 1100 орчим км, хоёр дахь үе шатанд 900 орчим км, гурав дахь үе шатанд 3600 орчим км төмөр замыг барих маршрутыг тогтоосон. Эхний ээлжинд Даланзадгад-Тавантолгой-Зүүнбаян, Сайншанд-Баруун-Урт-Чойбалсан чиглэлд төмөр зам барих ажлыг эхлүүлэхээр, уг ажлыг “Монголын төмөр зам” компанид хариуцуулахаар болсон юм. Харин одоо бол энэ ажлыг шинээр мэндэлж байгаа “Үндэсний төмөр замын суурь бүтэц” компани хариуцана. Тус компанийн ажлыг эхлүүлэхийн тулд хувь нийлүүлсэн хөрөнгөд төрийн талаас эхний ээлжинд ногдох 518 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болжээ. Мөн “Шинэ төмөр зам” төслийг эхний ээлжинд санхүүжүүлэхэд шаардагдах 399 тэрбум төгрөгийн зээлийн баталгааг Хөгжлийн банк гаргах гэсэн. “Үндэсний төмөр замын суурь бүтэц” компани хувьцааг хувьцааг дотоодын болон гадаадын нэр хүнд бүхий хөрөнгийн биржээр нээлттэй арилжих юм байна. Хөгжлийн банк олон улсын хөрөнгийн зах зээлээс босгосон 580 сая ам.доллараа эхний ээлжинд авто болон төмөр замын салбарт зарцуулна гэдгээ ч ил тод зарлачихсан. Шинээр байгуулагдсан компанитай холбоотой ерөнхий мэдээлэл нь одоохондоо энэ.
Өнгөрсөн хугацаанд чамгүй ажлыг эхлүүлчихсэн “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн хариуцсан ажлыг Засгийн газар яагаад өөр компанид шилжүүлэхээр болсныг янз бүрээр таамаглаж байна . Зам тээвэр, хот байгуулалтын яамнаас “Монголын төмөр зам” компани тээвэрлэлтийн үүргээ гүйцэтгэж, харин “Үндэсний төмөр замын суурь бүтэц” компани шинээр хэрэгжүүлэх төслийг хариуцна хэмээн тайлбарлаж байгаа. Эндээс харахад “Монголын төмөр зам” компанийн үндсэн гол үүргийг нь булаах том шалтгаан Засгийн газарт байсан бололтой. Харин тэр нь Ц.Нямдоржийн дэлгээд байгаа нууц гэрээ гэгчтэй холбоотой байв уу. Учир нь Ерөнхий сайд “Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого”-ын хүрээнд хийгдэх ажлууд ил тод, нээлттэй, хууль ёсны дагуу Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэгдсэн гэх. Ийм зарчмаар аливаа ажил явах ёстой. Түүнээс бус илд далд хэлбэрээр хийгдсэн ямар нэгэн гэрээ хэлцэл Засгийн газрын төвшинд яригдах ёсгүй гэдгийг Засгийн газрын хуралдааны үеэр танхимынхаа сайд нарт хатуу анхааруулсан гэнэ. Ерөнхий сайдын дээрх үг ерөнхийдөө хэн нэгэнд хаяглагдсан, чиглэгдсэн гэдэг нь ойлгомжтой бас тодорхой байгаа юм. Хонконгийн биржид бүртгэлтэй “Монголын төмөр зам” компани Засгийн газарт мэдэгдэлгүй нууцаар гэрээ хийсэн хэрэгт уначихаад байгаа. Тэр нь эдийн засгийг хөгжлийн түлхүүр болох шинэ төмөр зам тавих томоохон төслийг хариуцан хийх эрхээ хасуулах шалтгаан болсон байж болох талтай. Засгийн газар “Монголын төмөр зам” компанийг шууд татан буулгачихгүйгээр шийдэж. Тус компанид 250 ширхэг ачааны вагон худалдан авч өгөөд л зөвхөн тээвэрлэлт хийх эрхийг нь үлдээж байгаа бололтой юм. Өнгөрсөн хугацаанд “Монголын төмөр зам” компани “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын эхний үе шатанд барихаар заасан “Даланзадгад-Тавантолгой-Зүүн баян-Сайншанд-Баруун Урт-Хөөт-Чойбалсан” чиглэлийн трассын дагуу 1100 гаруй км-т геодези, геологи, байгаль орчны нарийвчилсан үнэлгээний ажлыг хийжээ. Мөн Монголын хөрөнгийн биржээр хувьцаагаа арилжаалж, шинээр баригдах төмөр замын суурь бүтцийн техникийн зураг төсөл боловсруулах техникийн зөвлөхөөр Австралийн “СМЕК” компанийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулахад бэлэн болгосон гэсэн. Хэдийгээр төр бодлогоо хэнээр хэрэгжүүлэх нь өөрийнх нь хэрэг ч нэмэгдэхүүний байрлалыг өөрчилснөөр нийлбэр дүн өөрчлөгдөх нь харин юу л бол.