Шарапова хагас шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

Шарапова хагас шигшээд шалгарлаа

АНУ-ын Майамид болж буй ATP болон WTA ангиллын мастеруудын “Sony Ericsson Open” тэмцээний хагас шигшээд өрсөлдөх теннисчдийн нэрс тодорлоо.

Тэмцээний чансаанд хоёрдугаарт эрэмбэлэгдэн тоглож буй ОХУ-ын теннисчин Мария Шарапова Хятадын Ли Наг 6:3, 6:0-аар, Данийн Каролина Возняцки АНУ-ын Серена Уильямсийг 6:4, 6:4-аар буулган авч хагас шигшээд өрсөлдөх эхний эрхүүдийг аваад байна.

Нөгөө хэсэгт хагас шигшээд шалгарах эрхийн төлөө цагаан хуудсаар оролцож буй АНУ-ын нэрт теннисчин Венус Уильямс тус тэмцээний тавд эрэмбэлэгдэн тоглож буй Польшийн Агнешка Радванскатай тоглох бол дэлхийн тэргүүн теннисчин, Беларусийн Виктория Азаренка Францын Мариан Бартоль нар тоглох юм.

Сонирхуулахад, тус тэмцээний түүхэнд сүүлийн арван жилд АНУ-ын Серена Уильямс таван удаа, Венус Уильямс гурван удаа, Беларусийн Виктория Азаренка болон Бельгийн Ким Клейстерс нар хоёр удаа түрүүлээд байна. Харин хагас шигшээд шалгараад буй ОХУ-ын Мария Шарапова гурван удаа дэд аваргаар шалгарч байжээ.

Мөн эрэгтэйчүүдийн хооронд ширүүн тэмцэл өрнөж байна. Дөрөвдүгээр тойрогт АНУ-ын Энди Роддик Швейцарийн Рожер Федерерийг 7:6, 1:6, 6:4-аар буулган авсан ч 1/16-д Аргентиний Жиан Монасод 5:7, 0:6-аар дийлдлээ. Ийнхүү тус тэмцээний америкчуудын найдварыг наймдугаарт эрэмбэлэгдэн тоглож буй Марди Фиш харуулах үлдлээ. Тэрбээр 1/8-д Роддикийг буулган авсан Монасотой тоглох юм.

1/8-ийн оноолтыг танилцуулбал:

Сербийн Новак Жокович (1) & Испаний Дэвид Феррер (5)

АНУ-ын Мэрди Фиш (8) & Аргентин Жиан Монас (21)

Францын Жо Уильфред Цонга (8)  &  Испаний Рафаэль Надаль (2)

Их Британы Энди Мурруй (4) & Сербийн Жанко Типсаревик (9)

Нэр хүнд, чансаа өндөр Sony Ericsson Open тэмцээний шагналын сан 4,8 сая ам.доллар бөгөөд түрүүлсэн тамирчин 712 мянган ам.доллар хүртэж, чансаагаа 1000 оноогоор ахиулах боломжтой юм. Мөн хосын төрлийн аваргууд 216,000 мянган ам.доллар хүртэж, чансааны 1000 оноо авах ажээ.

Тэмцээний аваргууд дөрөвдүгээр сарын 1-нд тодорно.

Ч.БОЛОРЧУЛУУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж