Дэлхийн ЭЗ-ийн чуулга байгууллагын даргатай уулзав

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

Дэлхийн ЭЗ-ийн чуулга байгууллагын даргатай уулзав

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар энэ гуравдугаар сарын 26-ны өдөр Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллагын дарга проф. Клаус Швабтай Женев хотноо уулзав. Уулзалтын үеэр сайд Г.Занданшатар Монгол Улсын улс төр, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар товч танилцуулж, хариуцлагатай уул уурхай, авилгын эсрэг санаачлага, байгаль орчин, усны чиглэлээр хоёр талын хамтын ажиллагаа өргөжиж байгааг тэмдэглэв. Эдийн засаг нь эрчимтэй өсч буй Монгол Улсын хувьд дэд бүтцийн салбарын хөгжил, ялангуяа дэлхийн бизнесийн төв болсон томоохон хотуудтай агаарын шууд нислэгтэй байхын ач холбогдлыг Проф. К.Шваб дурьдаад, уул уурхайн хөгжлийн чиглэлээр, ялангуяа байгалийн нөөцийг зохистой ашиглах талаар олон улсын хэлэлцүүлэг зохион байгуулах боломжийг эрэлхийлж ажиллахаа мэдэгдэв. Тэрээр Зүүн Ази, Төв Азийн асуудлаарх Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад Монгол Улсаас төлөөлөгч оролцоно гэж найдаж байгаагаа илэрхийлэв. Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллагын дарга проф. К.Швабд Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлах урилгатайг дахин нотлов. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж