Цагдаагийн дарга нарт холбогдох эрүүгийн шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгчид өмгөөллийн үйл ажиллагаа явуулахаас татгалзаж, шүүх хуралдааныг орхиж гарсан үйлдэлтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээлэл хийлээ. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс болсон үйл явдалд дүгнэлт хийснийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээлэл хариуцсан реферэнт Э.Эрдэнэбулга танилцууллаа.
Өмгөөлөгч ЭБШХ-ийг зөрчиж, шүүн таслах ажиллагаанд саад учруулсан гэж дүгнэжээ. Учир нь шүүгдэгчдийн өмгөөлөгчид Үндсэн хуулийн тавдугаар зүйлд заасан шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхтэй, шүүгдэгчид энэ эрхээ эдлэхэд хүсэлтээр нь буюу хуульд зааснаар хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлнэ гэснийг зөрчсөн бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 2.1-т заасан Монгол Улсын нутаг дэвсгэр дээр эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахад Үндсэн хуулийг удирдлага болгож, энэ хуулийг баримтална, 2.2-т Энэ хуулиар тогтоосон журмыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогч, бусад оролцогч дагаж биелүүлнэ, 17.3-т заасан өмгөөлөгч нь шүүгдэгчийг өмгөөлөхийн тулд хуульд заасан бүхий л арга хэрэгслээр хууль зүйн туслалцаа үзүүлнэ гэснийг тус тус зөрчжээ. Мөн өмгөөлөгчийн эрх үүрэгт заасан хэрэгт оролцох талаар тохиролцсон буюу томилогдсон үеэс өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өөрийн үүргээс татгалзах, хууль бусаар нотлох баримт цуглуулах эрхгүй гэж заасан байдаг аж. Иймээс цагдаагийн хурандаа нарын өмгөөлөгч үйлчлүүлэгчээсээ татгалзсан нь өмгөөлөгч нь хуулийн хүрээнд өмгөөлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн, тууштай хамгаалах” зарчмыг зөрчсөн гэж үзэхэд хүргэсэн байна. Түүнчлэн өмгөөлөгч нь тухайн хэргийг бүрэн төгс шийдвэрлүүлж дуустал үйл ажиллагаагаа тууштай явуулна гэснийг зөрчсөн талаар танилцууллаа.
Долдугаар сарын 1-ний хэрэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцсон нэр бүхий өмгөөлөгч нь өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг төрийн эрх бүхий байгууллагаас авч, Үндсэн хуульд заасан хүний эрхийг хамгаалах, төрөөс иргэддээ хууль зүйн туслалцаа үзүүлэх чиг үүргийг хэржгүүлэх үүрэг хүлээсэн атлаа хүндэстгэн үзэх шалтгаангүйгээр шүүгдэгч нарыг өмгөөлөхөөс татгалзаж, шүүх хуралдааныг орхиж гарсан үйлдэл нь үйлчлүүлэгч нарынхаа эрх ашгийг ноцтой зөрчихөөс гадна Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан шүүх шүүн таслах ажиллагааг хуульд заасан бүхэн эрхийн хүрээнд хэрэгжүүлж байхад үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, хэргийн бодит үнэнийг тогтооход шүүхэд туслах чиг үүргээ хэрэгжүүлэхийг оронд шүүн таслах ажиллагаанд саад учруулсан, шүүхийг илтэд үл хүндэтгэсэн гэж үзэхээр байна хэмээн мэдэгдлээ.
Иймд дээрх зөрчлүүд гаргасан шүүгдэгчдийн өмгөөлөгч нарт Захиргааны хариуцлагын тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар захиргааны хариуцлага хүлээлгэхээр болжээ. Уг заалтад шүүгдэгч, гэрч, хохирогч, нэхэмжлэгч, хариуцагч, шинжээч, орчуулагч болон шүүн таслах ажиллагаа хэрэгжүүлэхтэй холбогдуулан шүүхэд дуудагдсан этгээд хүрэлцэн ирэхээс зориуд зайлсхийсэн, түүнчлэн тогтоосон журам илтэд үл хүндэтгэсэн бол 5000-25000 төгрөгөөр торгох, эсхүл 7-14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулна гэсэн байна. Түүнээс гадна Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 77.1-т заасан байцаан шийтгэх ажиллагааны болон шүүх хуралдааны журмыг зөрчсөн тохиолдолд хохирогч, гэрч, орчуулагч, хэлмэрч, шинжээч болон холбогдох бусад этгээдэд энэ хуулийн 78 дугаар зүйлд заасан журмын дагуу торгууль оногдуулна гэж заасны дагуу хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзсэн талаар мэдээлсэн юм.
С.Отгон