АОХН-ийн шинэ Ажлын хэсэг байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

АОХН-ийн шинэ Ажлын хэсэг байгуулагдлаа

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (АОХН)-ийн хүрээнд тодорхой чиглэл, асуудал хариуцсан 7 ажлын хэсэг ажилладаг бөгөөд АОХН-ийн Удирдах Зөвлөлийн шийдвэрээр Шинэ ардчилсан орнуудын удирдагчдыг дэмжих сүлжээ (Network for Leaders Engaged in New Democracies-LEND) хэмээх Ажлын хэсэг сая байгуулагдав.

Энэ нь Монгол Улс АОХН-ийг тэргүүлж байгаа хугацаанд байгуулагдсан анхны шинэ ажлын хэсэг бөгөөд АНУ болон Эстони хамтран даргалах юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, Эстонийн Гадаад хэргийн сайд Урмас Пает нар сая уулзахдаа энэ талаар зарлалаа.

ЛЕНД Ажлын хэсэг нь Мадридын клубт багтдаг, ардчилсан замаар ерөнхийлөгч, ерөнхий сайдаар сонгогдон ажиллаж байсан улс төрийн зүтгэлтнүүдийн туршлага, мэдлэг болон Google  зэрэг мэдээллийн технологийн тэргүүлэгч компаниудын шинэ технологид тулгуурлан, шинээр ардчилалд хөл тавьж буй орнуудын удирдагч нарт дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилготой.

Ажлын хэсгийн үйл ажиллагаа, арга хэмжээнүүд нь гол төлөв онлайн хэлбэрээр явагдаж, шууд онлайн видео хурал, хоёр талын онлайн уулзалтууд зохион байгуулж байх юм. АНУ-ын Google, Канадын OpenText зэрэг компаний технологийг ашиглаж, туршлага солилцох, зөвлөгөө өгөх, шинэ санаачилга гаргах үйл ажиллагаа өрнөнө. Өөр өөр хэлтэй удирдагчдын хоорондын яриаг шууд онлайн программ хангамжаар хэлмэрчилснээр газрын хол, хэлний саадыг арилгах юм. Монгол Улс энэ Ажлын хэсэгт орж ажиллахаа илэрхийлээд байна гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж