Шүүх хурал гурвантаа саатлаа

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

Шүүх хурал гурвантаа саатлаа

Цагдаагийн удирдлагуудад холбогдох  долдугаар сарын 1-ний гэх тодотголтой хэрэгт холбогдсон Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт, Г.Ганбаатар нарыг шүүх хурал өнөөдөр цагдан хорих 461 дүгээр ангид эхэлсэн ч тодорхойгүй хугацаагаар дахин хойшиллоо. Шүүх хурал өглөөний 10.00 цагт эхлэх тов гарсан ч цаг орчмын дараа эхэлсэн юм. Энэ хооронд эхлээд уг хэрэгт гэрчээр оролцох байсан Н.Энхбаяр, Д.Лүндээжанцан, С.Баяр, Ц.Мөнх-Оргил нар хар өнгийн машин хөлөглөсөөр явж оров. Мөн шүүгдэгч, хохирогч нарын өмгөөлөгч, тэдний ар гэрийнхэн цагдан хорих төвийн гадаа хүрэлцэн ирсэн байв. Шүүх бүрэлдэхүүн, прокурорыг цагдан хорих төвд хүрэлцэн ирсний дараа гадаа хүлээж байсан шүүгдэгч, хохирогчдын өмгөөлөгч, хохирогчдыг нэвтрүүллээ. Харин  хэвлэл мэдээллийн хэрэгслээс МҮОНТВ, Eagle news TV, C1 телевизийн зураглаач сэтгүүлчийг нэвтрүүлснээс өөр хэнийг ч дотогш оруулсангүй. Шүүх хуралдаан товлосон цагаасаа цаг гаруй хожимдож эхэлсэн юм. Шүүх хуралдаанд улсын яллагчаар С.Хишигжаргал, шүүгчээр Ч.Хосбаяр, М.Алдар, С.Оюунчимэг нар оролцсон. Шүүх хуралдаан үргэлжилж байхад хорих ангийн гадна цагдаагийн ар гэрийнхэн лоозон барин жагсч, БГД-ийн 10 гаруй цагдаа хэв журам сахиулахаар ажиллаж байв.  

Шүүгдэгчдийн өмгөөлөгч нар хэргийг түдгэлзүүлэх хүсэлт гаргав

Шүүх хуралдааны танхимд дөрвөн шүүгдэгч, шүүх бүүрэлдэхүүн, өмгөөлөгч, хохирогч нараас  гадна  2008 онд ҮАБЗ-д ажиллаж байсан болон тухайн үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар шүүх танхимд суудлаа эзэлсэн байв. Шүүх бүрэлдэхүүн оролцогчдоос шүүх бүрэлдэхүүнд тавих  хүсэлт байгаа эсэхийг тодруулахад Г.Ганбаатарын өмгөөлөгчөөр арав гаруй хоногийн өмнөөс ажиллаж эхэлсэн өмгөөлөгч Ц.Мөнхдэлгэр “29 хавтас хэргийн дөнгөж хоёртой нь танилцсан. Тиймээс хавтас хэрэгтэй танилцах боломжоор хангаж өгөхийг хүсье” гэжээ.
Харин өмгөөлөгч  О.Алтангэрэл, Ц.Итгэлт, Л.Өлзийхүү, Д.Энхтунгалаг  нар  цагдаагийн  хуучин удирдлагуудыг зүйлчилсэн зүйл анги нь цэргийн гэмт хэрэг мөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан үүссэн учир Цэцээс шийдвэр гарах хүртэл хэргийг түдгэлзүүлэх хүсэлт тус тус гаргасан байна.

Гэрч Н.Энхбаяр: С.Баяр, Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Оргил нарыг шүүх танхимаас гаргав

Шүүх хурал эхлэх үед танхимд суудлаа эзэлсэн Н.Энхбаяр, С.Баяр, Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Оргил нарыг шүүх хуралд хүрэлцэн ирснийг тэмдэглэж аваад шүүх мэтгэлцээний явцад дуудсан цагт бэлэн байхыг сануулж, гарын үсэг  зуруулснаар шүүх танхимаас гаргажээ. Шүүх танхимаас дөрвүүлээ нэгэн зэрэг гарсан  ч хамгийн түрүүнд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр цагдан хорихын гадаа сэтгүүлчидтэй уулзав. Тэрбээр “Шүүх хурлыг ард түмний өмнө нээлттэй явуулах ёстой. Гэтэл сэтгүүлч  та  нарыг бүгдийг нь оруулаагүй байна. Миний харснаар зарим  хэвлэл мэдээллийн хэрэгсэл дотогш нэвтэрсэн байна” гэв. Түүнээс цөөн асуултад хариулт авлаа.

-Цагдаагийн хуучин удирдлагуудыг шүүх гэж байна. Энэ дөрвөн хүнийг шүүх гэж байгааг  та хэрхэн  дүгнэж байна вэ?

-Долдугаар сарын 1-ний хэрэгт тэр үеийн цагдаагийн удирдлагуудыг  яллах  нь буруу. Тэр үед энэ үйл явдалд идэвхтэй оролцож байсан улстөрийн намууд, улстөрчид ямар оролцоотой байсан бэ гэдгийг тал талаас нь ярилцах ёстой. Ганц энэ дөрвөн хүнийг суулгачихаад бүх зүйлийн буруутан мэтээр ярьж болохгүй. 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдалд жирийн иргэнээс эхлээд Ерөнхийлөгч  нь хүртэл алдсан. Тэр дөрвөн цагдаагийн даргыг золиослоод бусад нь нуугдаж үлдэж болохгүй. 

-Өмнөх шүүх хуралд  гэрчүүд ирсэн, ирээгүй гэдэг. Та өөрийн биеэр ирсэн үү?

-Би ирсэн шүү дээ. Шүүх хуралд оролцож, гэрчийн мэдүүлэг өгөхөд бэлэн ойрхон хүлээж байсан. Шүүх хурал болоогүй учир дуудаагүй. Хурал хойшилсныг та бүхэн мэдэж байгаа.

-Дотор сая ямар процесс өрнөв?

-Надтай  хамт дуудагдсан Д.Лүндээжанцан, С.Баяр дарга, Ц.Мөнх-Оргил сайд бүгл ирсэн байна. Бид дөрөв шүүх хуралд оролцоно, шүүх бүрэлдэхүүнийг дуудсан цагт бэлэн байна гэж гарын үсэг зураад гарч ирлээ. Хэн буруутайг шүүх шударгаар шийдэх ёстой. Шүүх шударгаар шийдэж буйг ард түмэн илээр харах учиртай. Миний зүгээс дөрвөн цагдаагийн дарга нарын золиослогдох вий гэж  сэтгэл зовниж байна. Ард нь байгаа жинхэнэ буруутнууд ил гарч ард түмэн, шүүхийн өмнө буруугаа хүлээх цаг болсон гэж бодож байна гэв.

Өмгөөлөгчид үйлчлүүлэгчээсээ татгалзлаа

Шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн тавьсан хүсэлтийг  шүүх бүрэлдэхүүн цаг орчим хэлэлцээд  Г.Ганбаатарын өмгөөлөгч Ц.Мөндэлгэрийн хавтаст хэрэгтэй танилцах хугацаа олгох хүсэлтийг хангах боломжгүй  гэж шийдвэрлэсэн. Мөн цэргийн гэмт хэргээр зүйлчилсэн нь Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан үүссэн учир хэргийг түдгэлзүүлэх хүсэлтийг хангах боломжгүй гэсэн юм. Гэхдээ Үндсэн хуулийн цэцэд үүссэн маргаантай холбоотой асуудлыг шүүх хуралдааны явцад хэлэлцэх талаар шүүх бүрэлдэхүүн танилцуулжээ. Улмаар шүүх хурлыг үргэлжлүүлэн явуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү  шийдвэрийг  шүүгдэгчдийн өмгөөлөгч нар эсэргүүцэж, өмгөөлөл явуулах ямар нөхцөл  олгохгүй байна хэмээн бухимдсан байна. Тэд “Шүүх  бидэнд хууль ёсны эрхээ эдлэх боломж олгохгүй байна. Бидний  ямар ч хүсэлтийг хүлээн авахгүй юм бол  өмгөөлөл үзүүлэх хэрэг байхгүй. Тиймээс бид үйлчлүүлэгчээсээ татгалзаж байна” гэжээ. Шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгч нарыг шүүх хуралдаанд оролцохыг сануулсан боловч Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл, Г.Ганбаатарын  өмгөөлөгч Ц.Мөнхдэлгэр нар шүүх хуралдааныг орхин гарсан  байна. Тэдний араас өмгөөлөгч Ц.Итгэлт, Л.Өлзийхүү, Д.Энхтунгалаг нар шүүх хуралд оролцох боломжгүй хэмээн шүүх танхимаас гарчээ.  Шүүгдэгч Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэлээс зарим асуултад хариулт авлаа.

-Үйлчлүүлэгчээ өмгөөлөхөөс татгалзсан үндэслэлээ тайлбарлахгүй юу?

-Маргаан үүсгээд байгаа талаарх Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг Сүхбаатар дүүргийн шүүхэд энэ сарын 20-нд  хүргүүлсэн. Үйлчлүүлэгчид хэрэг үүсгэсэн зүйл ангийн асуудлаар  цэцэд маргаан үүссэн тохиолдолд хэргийг бүхэлд нь түдгэлзүүлдэг хуулийн заалт бий. Үүнийг үндэслэвэл Сүхбааатар дүүргийн шүүх Ч.Амарболд нарт авсан цагдан хорих шийдвэрээ даруй хүчингүй болгох, хэргийг бүхэлд нь түдгэлзүүлэх ёстой байсан ч тэгээгүй. Мөн хүсэлтийн хариуг тав хоногийн дотор өгөх байсан ч өгөөгүй. Өнөөдөр энэ хүсэлтийг хүлээж авалгүй хүчээр хэргийг шийдвэрлэнэ гэхээр нь бид эсэргүүцлээ. Яагаад гэхээр бид шүүх хурлын тов гараагүй, бэлтгэл шатандаа байхад нь хүсэлт гаргасан. Энэ талаар хуулинд тодорхой заасан байгаа. Гэтэл шүүхээс хэргийг түдгэлзүүлээгүйгээр барахгүй хууль бус үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс шүүх бүрэлдэхүүнд хандан үүнийг бид ойлгохгүй юм байна. Өөрөөр хэлбэл, та бүхний хууль зөрчиж байгаа энэ үйлдэлд чинь бидний хууль, эрхзүйн мэдлэг хүрэхгүй байна. Бид гологдож байна. Тэгээд ч шүүгдэгчид өмгөөлөгчтэй байсан, байгаагүй зорилготойгоор найруулан тавьж буй  улс төрийн захиалгат  жүжгэнд чинь хохирогчоор оролцон тоглож ял авах нь ойлгомжтой. Тиймээс  Өмгөөллийн тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль, Өмгөөлөгчийн ёс зүйн дүрмэнд зааснаар үйлчлүүлэгчээсээ татгалзаж байгаагаа мэдэгдлээ.

-Шүүхээс ямар  тайлбар өгсөн бэ?

-Шүүхээс бидний хийсэн мэдэгдлийг хүсэлт мэтээр хүлээж аваад цаг гаруй  хэлэлцсэний эцэст “Бид наад хүсэлтийг чинь хүлээж авах боломжгүй” гэсэн шийдвэр гаргалаа. Энэ юу гэсэн үг вэ. Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөө Өмгөөлөгчийн эрхийг шүүх зургаа дахь удаагаа зөрчлөө. Бид наад социализмын үеийнх шиг тавьчихсан жүжигт оролцмооргүй байна гээд гарах гэтэл шүүх хуралдаанд оролцохыг шаардаж, П.Мөнхдэлгэр шүүгч бид хоёрыг хагас цаг орчим саатууллаа. Хууль зөрчиж, хүчээр шүүх хуралдааныг явуулах гэж оролдож байгааг хараад энэ салбарт арав гаруй жил ажиллаж байгаа залуу өмгөөлөгчийн хэрнээ би эндээс гутраад гарч байна, 45 жил ажиллсан Ц.Итгэл өмгөөлөгчийн даралт нь ихсээд , бие нь муудлаа. 

Түүнийг ийнхүү мэдэгдэл хийсний  дараа улсын яллагч С.Хишигжаргал,  шүүх бүрэлдэхүүнд багтсан шүүгч нар шүүх танхимаас гарч явав. Энэ үед шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшилсон талаарх  баттай мэдээлэл сэтгүүлчдэд ирсэн юм. Шүүх хуралдаанын оролцогчид цуварч гарч явсны дараа уг хуралд  гэрчээр оролцохоор ирсэн Ц.Мөнх-Оргил, Д.Лүндээжанцан, С.Баяр нар гарч ирээгүй байлаа. Тэднийг цагдан хорих төвөөс гарч ирэхийг сэтгүүлчид  хүлээсээр байсан юм. Өдрийн  15.05  цагийн орчим цагдан хорих төвөөс гарч, сэтгүүлчдийн асуултад товч хариуллаа.

С.Баяр, Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Оргил нар ийнхүү ярив

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Баяр: Гэрчээр оролцохоос зугтаагүй

-Шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Сэтгүүлчдийнг оруулсангүй. Ямар үйл явц өрнөв?

-Үнэнийг тогтооход гэрчийнхээ хувьд зөвхөн үнэнийг л ярих ёстой. Тийм ч учраас шүүх хурлын үйл ажиллагаанд оролцохоор ирсэн.  Энэ сарын 14-нд болсон шүүх хуралд ч гэрчээр оролцоход бэлэн байсан. Гэтэл гэрчүүд ирсэнгүй, бараг зугтсан маягийн юм  гарсан  байна лээ. Бидэнд зугтах учир шалтгаан байхгүй. Зүгээр шүүхийн өмнө элдэв юм яриад байх нь илүүц гэж бодсон хэрэг. Шүүхээс шударга шийдвэр гарах ёстой гэсэн ийм л байр суурьтай байна.

-Өмгөөлөлчид шүүх хурлыг орхиж гарлаа. Энэ талаар ямар бодолтой байна?

-Бэрхшээлтэй байна. Өмгөөлөгч чухам ямар байр суурьтай шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байгааг өөрсдөөс нь асуувал илүү бодитой мэдээлэл өгөх байх.

-Шүүх хурлыг нээлттэй явуулах талаар хэлж байгаа, тийм боломж бий юу?

-Шийдвэрийг шүүх гаргадаг. Би иргэн хүнийхээ хувьд шүүх нээлттэй болох ёстой гэж үзэж байна. Долдугаар сарын 1-ний үйл явдал ил тод, нээлттэй болсон шүү дээ. Тийм учраас үнэнийг тогтоох гэж байгаа бол шүүх хурал нь ч гэсэн ил тод, нээлттэй болох ёстой гэж бодож байна. Энэ бол зөвхөн миний иргэн хүний, шүүх үйл явцад оролцож байгаа гэрчийн хувьд илэрхийлж байгаа байр суурь. Хэн буруутай  болохыг Монгол Улсын шүүх тогтооно. Шүүх тогтоогоогүй байхад хэн нэгнийг буруутай гэж ярих эрх хэнд ч байхгүй. Шүүх хурлыг хаалттай   явуулах шийдврийг шүүх гаргасан учир  биелүүлэх ёстой. Хурал хаалттай эхлэхэд гурван телевиз байсан. Тэгэхээр нь энэ ямар учиртай юм бэ гэхэд хаалттай хурлын нээлтийг сурвалжлах эрхийг гурван телевизэд өгсөн гэдгийг шүүгч хэлсэн. Энэ шийдвэрийг хэн гаргасан юм бэ гэхлээр манай Тамгийн газрын дарга гаргасан би мэдэхгүй гэдгээ шүүгч нь хэлж байна лээ. Бидний зүгээс хүсэлт тавилаа. Нэгэнт хаалттай хурлын нээлтийг сурвалжлах эрхийг өгч байгаа бол ямар зарчмаар сонгосон гэдэг нь ойлгомжгүй учир битүүлэг зүйл битгий хийгээч, эрхийг нь олгосон юм бол бүх л хэвлэлийнхнийг байлцуулах ёстой, эс тэгвээс наадах чинь шүүхийн үйл ажиллагаанд шударга ёс баримтлагдаж байна уу, үгүй юу гэдэгт эргэлзээ төрөхөөр байна шүү гэдгээ илэрхийлсэн.   

-Энэхүү хэрэгт дөрвөн хурандааг буруутай мэт ойлголт нийгэмд үүсчихлээ? 

-Хэрэв тийм шийдвэр гарвал шүүх шударга шийдлээ гэж би болон олон нийт үзэхгүй.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Үндсэн хууль зөрчиж байна

– Та шүүх хурлын үйл явцыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Шүүх хуралд гэрчээр оролцож, болсон үйл явдлыг үнэн зөвөөр тайлбарлаж ярина. Шүүхээр шийдэгдэж байгаа асуудлыг нэгдүгээрт улстөржүүлж болохгүй, гэрчээр дуудагдсан бидний хувьд хэвлэл мэдээллээр дамжуулж ямар нэгэн байр сууриа илэрхийлэх, таамаглал дэвшүүлэх, улмаар шүүхийн шийдвэрт нөлөөлөх оролдлого байж болохгүй. Тийм учраас бидний хувьд бол аль болох мэдээлэл өгөхдөө шүүхдээ болон шүүгдэгч нартаа, хуульдаа хүндэтгэлтэй хандаж байгаа. Шүүхийн шйидвэр гарсны дараа болсон үйл явдлыг талаар хуулийн хүрээнд ярих бололцоотой бүх тайлбараа өгнө. Өнөөдөр дэлгэрэнгүй ярих бололцоогүй гэдгийг хэвлэлийнхэн болон олон нийт ойлгох байх аа.

-Таны бодлоор цагдаагийн дарга нарыг шүүгдэгчээр татсан  нь хэр үнэдэслэлтэй бэ?

-Энэ үндэслэлтэй үгүйг шүүх тогтооно. Монгол Улсын үндсэн хуульд гэм буруутайг нь шүүхээр тогтоох хүртэл хэнийг ч гэм буруутай тооцож үл болно гэсэн гэм буруугүйн үндсэн зарчим байгаа. Энэ зарчим өнөөдөр манайд хэр мөрдөгдөж байгааг энэ шүүх хурал харуулах ёстой. Хэн буудсан юм бэ гэдгийг тогтоогоогүй байхад цагдаа буудсан гэдгийг тогтоочихлоо. Тийм учраас цагдаагийн дарга нарт хариуцлага тооцно гэж ярьж байгаа нь Үндсэн хуулийн гэм буруугүйн зарчим зөрчигдөж байна уу гэж бодож байна. Хэн буудсан нь тогтоогдоод тэр цагдаа нарт энэ дарга нар нь ямар үүрэг даалгавар өгсөн байна вэ гэдэг асуудал сөхөгдөх юм бол энэ өөр асуудал.

 УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан.

-Шүүх хурал хэрхэн болж өнгөрөв. Та болж буй асуудалд хэрхэн хандаж байна?

-Хуульч хүнийхээ хувьд  яривал зөндөө л асуудал байна. Гэрчээр татагдсан учраас дэлгэрэнгүй ярилцлага өгөх боломж алга. Дараа нь хэлдэг үгээ хэлнэ. Хууль зүйн зүйлчлэл, бусад асуудал гэх мэт. Хоёр хоног юу болж өнгөрснийг Монголын ард түмэн бүгд харсан. Харин энэ асуудлыг шүүх яаж шийдэхийг харж байна. Энэ улсууд хуулийнхаа дагуу шударга бай гээд л хашгираад байна. Тэгэхээр шүүх хуулийнхаа дагуу шударга л шийдэх ёстой. Хэлэх цагт нь мэдээж би үгээ хэлнэ. Гагцхүү гэрчийн хувьд үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Худлаа мэдүүлбэл би хуулийн өмнө хариуцлага хүлээх учраас болсон үйл явдлыг байгаагаар нь л хэлнэ. 

Ийнхүү гурван цаг гаруй үргэлжилсэн үйл явдал шүүх хурал тодорхойгүй  хугацаагаар хойшилсноор өндөрлөв. Албан бус эх сурвалжийн хэлснээр шүүгдэгчдийн өмгөөлөгч нар үйлчлүүлэгчээсээ татгалзсан асуудлыг дүүргийн ерөнхий шүүгч хэлэлцээд, дараа дараагийн шийдвэрээ гаргах аж. Шүүх хуралдааныг орхиж гарсан өмгөөлөгч нарт арга хэмжээ авч магадгүй гэнэ.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

С.ОТГОНСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж