“Хоёр орны эдийн засгийн харилцаа сайжирна”

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

“Хоёр орны эдийн засгийн харилцаа сайжирна”

Монгол, ОХУ-ын гадаад харилцааны арвин баялаг түүхийн залгаа болсон хамтын ажиллагааны шинэ цаг ирээд байна. Ийн хэлэх учир нь Монгол, ОХУ-ын хамтарсан Азийн хаалга-2012 үзэсгэлэн гуравдугаар сарын 27-29-ний өдрүүдэд МХАҮТ-д болж байна. Энэхүү үзэсгэлэнг тохиолдуулан ОХУ-ын Эрхүү мужын засгийн газрын орлогч дарга С.Д.Аникеев, Хөдөө аж ахуйн дэд сайд К.Р Алдаров, Зам барилгын дэд сайд Шёголев зэрэг Эрхүү мужын төрийн дээд албан тушаалтнууд болон хүнс, хөдөө аж ахуй, зам тээвэр, барилгын салбарын 80 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирээд байна.

Үзэсгэлэнг урд нь ОХУ-ын жижиг муж, хотууд хамтарч хийж байсан бол энэ жил Эрхүү муж дангаараа МХАҮТ-тай хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа юм. “Азийн хаалга-2012” үзэсгэлэнгийн үеэр Зөөврийн болон дугуйн дээр суурилсан орон сууцны үйлдвэрлэлийн зураг төсөл зохиодог  “Батский завод мобильних конструкций, Инженер, геологи, агаарын скайнер, экологийн үйл ажиллагаа явуулдаг “Восточно-Сибирское Аерогеодезическое Предприятие”, Нефть, битумын үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг “Ника трейд” ХХК, болон масло, сүү сүүн бүтээгдэхүүнийн нийт 35 гаруй компаниуд оролцож байна.

Эрхүүгийн зүгээс манай улсын хүнс, хөдөө аж ахуй, зам, барилга, уул уурхайн чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж байсан. Ингэхдээ барилгын салбарт  100 мянган айлын орон сууцыг барих барилгын ажилд Монголын компаниудтай хамтарч ажиллах, хүнсний тал дээр Сэлэнгэд махны үйлдвэр байгуулах талаар хамтран ажиллах, боловсролын салбарт мэргэжилтэн бэлтгэх саналтай байгаа гэнэ. Харин Монгол Улсын  зүгээс ерөнхийдөө ОХУ-ын Эрхүү, Улаан-Үүд хотод Монголын худалдааны төвийг байгуулах тухай байр суурьтай байгаа юм. Учир нь ОХУ Дэлхийн худалдааны байгууллагад элссэн бөгөөд Эрхүү муж Европын худалдааны нөхцөл,хэв шинжийг нэвтрүүлээд байгаа гэнэ. Тиймээс Эрхүү мужтай худалдааны тал дээр түншилсэнээр гадаад худалдааныхаа салбарт ахиц дэвшлийг авчрах бүрэн боломжтой тухай МХАҮТ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш онцолж байлаа.

Монгол, ОХУ-ын худалдааны харилцааны тухай Эрхүү мужын засгийн газрын орлогч Аникеев Сергей Дмитриевичээс цөөн асуултанд хариулт авлаа.

-Эрхүү мужын зүгээс Монголын уул уурхай, хүнс хөдөө аж ахуй, боловсролын салбарт хэрхэн хамтран ажиллах тухай дэлгэрүүлбэл?

– Анх удаа Эрхүү мужаас хамгийн том бүрэлдэхүүн ирлээ. Ингэхдээ боловсролын салбарт гэхэд, Эрхүүгийн их сургууль, анагаах ухааны их сургууль, Олон улс,аялал жуулчлалын сургууль, зам тээврийн сургууль, орчуулгын сургуулиудаас төлөөлөл ирж, урд нь байсан уламжлалт харилцаагаа хадгалах, сургах, мэргэжил дээшлүүлэх сэдвээр их ярилцаж байна. Барилгын салбарт нарийн мэргэжлийн хүмүүсийг сургах, тэр дундаа нарийн мэргэжлийн гагнуурчин, өрөгч хэрэгтэй байна гэсэн. Бидний зүгээс бол сургах бүрэн боломжтойгоос гадна уул уурхай, зам барилгын машин, тоног төхөөрөмжийг нийлүүлэх тал дээр хамтарч ажиллаж болох юм.

-Барилгын салбарт хамтарч ажиллахдаа 100 мянган айлын орон сууцыг барихад хамтрах боломжтой гэсэн?

-Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа барилга байгууламж, хүн амын хэрэгцээнээс хамаарч хоёр улс маань хамтарч ажиллах нэн тэргүүний шаардлага байна. Монгол Улсад хэрэгжиж байгаа 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийн тухай мэдээллийг авсан. Бидний зүгээс барилгын өнө удаан түүхтэй чанартай техонологиор хамтарч ажиллах боломжтой байна. Одоогийн байдлаар 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрт хамтрах эрх зүйн орчин ямар байдгийг судалж байна. Түүнчлэн мал аж ахуйн салбарт хамтран ажиллахдаа, Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалттайгаар Сэлэнгэд махны үйлдвэр байгуулж, ОХУ руу экспортлох боломжтой гэдгийг танилцуулах гэж байна.

Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар:

-Манай улс, Эрхүү мужтай барилгын салбарт хамтарч ажиллах боломжтой гээд байгаа?

-100 мянган айлын орон сууцны барилгажилт эхлээд аль хэдийнэ эхэлчихсэн. Байршил бүр онцлогоосоо шалтгаалаад орон сууц баригдахад хүнд хөнгөн янз бүр л байна. Тухайлбал, долдугаар хороололд барих барилгын тухайд, газрын бүтэц нь их хүнд. Эрхүү мужаас ер нь зураг төсөл гаргах, техник эдийн засгийн үндэслэл гаргах тал дээр гадны тусламж хэрэгтэй байна. Бидний он удаан жилийн харьцаатай Эрхүүгээс энэ талаарх ажлыг хамтран хийх талаар хэлэлцэхээр Эрхүү мужын зам тээврийн яамны сайд ирсэн.  Ингэхдээ хамтарсан зураг төслийн компани байгуулах, инженер техникийн ажилчдыг Эрхүүд аваачин сургах, дээрээс нь  гидрогеологийн хүнд нөхцөлтэй газруудын орон сууцны суурь тавих ажлын зөвлөмжийг авах тал дээр хамтран ажиллах саналтай байгаа.

-Зун цаг ирэхэд барилгын салбар хөдөлгөөнд эрчимтэй орж, үүнтэй уялдаад барилгын материалын эрэлт, нийлүүлэлт өсдөг. Тэгэхээр хоёр улсын хоорондох худалдааны хамтын ажиллагаанд  энэ талаарх ажил хэрэг багтсан уу?

-Хэрэв хоёр улсын энэхүү хамтын ажиллагааны санал зөвлөмж амжилттай болж чадвал хоёр улсын бизнес, эдийн засгийн харилцаанд томоохон алхам болох юм гэдгийг онцолж байгаа. ОХУ дэлхийн худалдааны байгууллагад гишүүн орон болж орсоноор худалдааны нөхцөл нь сайжирч байна. Өөрөөр хэлбэл,  Европийн барилгын стандартад Эрхүү шилжээд дуусч байна. Тэгэхээр манай улс тэрхүү барилгын стандарт, туршлагыг нэвтрүүлэх боломжтой болж байгаа юм. Ингэснээрээ барилгын материалын эрэлт, нийлүүлэлтийг амар шийдээд байх нөхцөл нь гарч ирэх юм.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж