АМГ-ын даргын сонгон шалгаруулалт зарлалаа

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

АМГ-ын даргын сонгон шалгаруулалт зарлалаа

Монгол Улсын Засгийн газраас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Төрийн албаны зөвлөлөөс Ашигт малтмалын газрын даргын албанд томилогдох албан тушаалтны сонгон шалгаруулалтыг зарласан байна. Сонгон шалгаруулалтад оролцох иргэн нь дээд боловсролтой, эрх зүйч, төрийн удирдлагын менежер, геологи уул уурхайн инженер мэргэжилтэй, эзэмшсэн мэргэжлээрээ мэргэшсэн байхаас гадна төрийн албанд 15-аас доошгүй жил үүнээс төрийн байгууллагын удирдах албан тушаалд 10-аас доошгүй жил ажилласан байх гэсэн шаардлага тавьж байна. Мөн гадаадын болон төрийн,  олон улсын байгууллагатай харилцах туршлагатай гэх мэт шаардлагыг бас тавьж буй юм. Хэрвээ та өөрийгөө энэ албанд тэнцэнэ хэмээн үзэж байгаа бол холбогдох материалуудыг Төрийн албаны зөвлөлд ирэх сарын 13-ныг хүртэлх хугацаанд амжиж өгч бүртгүүлэх боломжтой. Сонгон шалгаруулалтыг энэ сарын 20-нд зохион байгуулж шаардлага хангасан тохиолдолд нэрийг нь тодруулах ажээ.

Дашрамд сануулахад, сонгон шалгаруулалтад орох иргэн өөрийн биеэр ирж бүртгүүлэх бөгөөд бүртгэлийн үед дор дурдсан материалыг бүрдүүлж авчирна:

1)    Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1);

2)    Боловсролын  дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 2 хувь;   

3)    Монгол Улсын иргэний үнэмлэх; /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/;

4)   Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/,

5) Төрийн албаны тухай хуулийн 16.2.1-д заасан асуудлаар эрх бүхий байгууллагын тодорхойлолт;

6)   Ажил байдлын тодорхойлолт;       

7)   4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг. /1 ш нь анкет дээр наагдсан байх/
 
Дээрх материалыг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй юм байна.
 

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж