Цаазаар авах ялыг халахыг Япон дэмжив

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

Цаазаар авах ялыг халахыг Япон дэмжив

Amnesty International Japan-аас 2012 оны 3 дугаар сарын 27-ны өдөр бага хурал хийж “Цаазаар авах ялыг олон улсын хэмжээнд 2011 онд оноосон, гүйцэтгэсэн байдал” илтгэлийг танилцуулав.

Тус байгууллагын зохицуулагч Т.Хаяши тавьсан илтгэлдээ 2011 онд 63 орны 1923 хүнд цаазаар авах ял оноосноос 20 орны 676 хүний ялыг гүйцэтгэсэн, цаазлагдах ялаар шийтгүүлсэн хүний тоо эдүгээ дэлхийн хэмжээнд 18,750-д хүрээд байгааг тэмдэглээд G 8-ийн орнуудаас АНУ, G 20-ийн орнуудаас БНХАУ, Саудын Арави, АНУ, Европын орнуудаас Белорусь, АСЕАН-ын орнуудаас Малайз, Вьетнам алах ялыг гүйцэтгэснийг мэдэгдэв. Ийм ялыг олноор оноож гүйцэтгэдэг орнуудын дотор БНХАУ, БНАСАУ, Иран тэргүүлдэг, БНХАУ мэдээллээ өгдөггүй, Араб, Африкийн орнуудад өсч буйг дурдав. Гэвч цаазаар авах ялыг халах хөдөлгөөн олон улсын хэмжээнд жилээс жилд хүчээ авч дэлхийн 193 орны 90 хувь нь буюу 175 орон уг ялаас татгалзаад байгааг танилцуулав. Т.Хаяши Монгол Улс цаазаар авах ялыг халах тухай олон улсын гэрээнд нэгдсэнийг зарласанд оролцогсод алга ташиж баяр хүргэв.

Amnesty International Japan энэ бага хуралдаа Элчин сайд С.Хүрэлбаатарыг урьж мэдээлэл хийлгэв. С.Хүрэлбаатар Монгол Улс цаазаар авах ялыг халах алхмыг үе шаттайгаар хийж, улмаар уг ялаас бүр мөсөн татгалзсан орон болохоор ажиллаж буйг, тухайлбал, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 оны 1 дүгээр сарын 14-нд УИХ-д тусгайлан үг хэлж уг ялыг түдгэлзүүлж байгааг зарласан, улмаар цаазын ялыг оноох, гүйцэтгэхээс татгалзах тухай асуудлыг УИХ-ын байнгын хороод, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, 2012 оны 1 дүгээр сарын 5-нд УИХ-ын чуулганаас цаазаар авах ялыг халах тухай Иргэний болон улс төрийн эрхийн Пактын нэмэлт II протоколд нэгдэх шийдвэр гаргасан, эдүгээ цаазаар авах ялыг бүх насаар нь хорих ялаар солих өөрчлөлтийг Эрүүгийн хуулиндаа оруулах төслийг УИХ-д өргөн бариад байгааг танилцуулав.

Amnesty International Japan-ы гүйцэтгэх захирал Х.Вакабаяши цаазаар авах ялыг халахыг олон нийт таашаадаггүй ч хүний амьдрах эрхийг хүндэтгэх хүнлэг, ардчилсан зарчим гэдгийг ойлгож дэмжих хандлага нэмэгдэж байгаа болон энэ үйл явцад улс төрчдийн хүсэл зориг чухал үүрэгтэйг дурдаад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төр нь хүнээ хөнөөдөг энэхүү бүдүүлэг уламжлалыг халахыг төлөө тууштай тэмцэж байгаад баяр хүргэв гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж