Хотын дарга БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

Хотын дарга БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр манай улсад шинээр томилогдож ирээд байгаа БНСУ-ын Элчин сайд И Тэ Рүг хүлээн авч уулзлаа.

БНХАУ, Япон улсуудад ажиллаж байсан, арвин туршлагатай дипломат ч манай улсын хөгжлийн сонирхолтой үед ажиллахаар хүрэлцэн ирсэнд талархалтай байгаагаа хотын дарга уулзалтын эхэнд онцлоод одоо ч өргөн  харилцаатай байгаа Улаанбаатар-Сөүл хотуудын харилцаа цаашид улам эрчимтэй хөгжихөд шинээр томилогдсон Элчин сайд их зүйл хийнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ. Мөн хэдхэн хоногийн өмнө болсон Олон улсын хөрөнгө оруулалтын чуулганд танилцуулсан Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд Сөүлийн бизнес эрхлэгчид ч оролцох боломж нээлттэй гэдгийг дуулгаад ус, дулаан дамжуулах шугам хоолойг солихоос авахуулаад Улаанбаатар хотод томоохон хөрөнгө оруулалт хийж буй КОЙКА байгууллагынханд Элчин сайдаар дамжуулан талархал илэрхийллээ.

БНСУ-ын Засгийн газраас КОЙКА байгууллагаар дамжуулан хэрэгжүүлж буй Хөгжлийн албан ёсны хөтөлбөрүүдээс гадна солонгосын хувийн хэвшлийнхний ч хийх хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Элчин сайд илэрхийлээд Улаанбаатар хотын үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, нягт хамтран ажиллана гэдгээ хэллээ. Мөн Самсунг, Хюндай, LG, SK зэрэг томоохон компанийн төлөөллийг урьж, эрчимтэй хөгжиж буй Монгол улсын хөгжилтэй танилцуулан, тэдний хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлэх ажлыг ЭСЯ-наас зохион байгуулахаар төлөвлөж буйгаа дуулгасан байна.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж