Нөөцийн мах гэж цаг мөнгө үрэхээ больё

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

Нөөцийн мах гэж цаг мөнгө үрэхээ больё

Жил бүрийн хавар махны үнэ өсдгийг зогсоох гэж нийслэлчүүд гурав дахь жилдээ нөөцийн махыг худалдаанд гаргалаа.

Энэ жилийн тухайд нийслэлийнхний хэрэгцээнд зориулж 12000 тонн мах нөөцөлсөн. Сар шинийн өмнө махны эрэлт дэндүү их, нийлүүлэлт хомс байгаа учраас нөөцийн махыг гулуузаар нь худалдааллаа. Тэгсэн ч хүмүүсийн эрэлтийг хангаж чадсангүй, үнэ буурсангүй.

Махны үнэ харин хоёр дахин өсчихлөө. Ерөнхийдөө эндээс нөөцийн мах гаргалаа гээд махны үнийг бууруулахад үр дүнгээ өгч байна уу гэх асуулт гарч ирж байна. Учир мэдэх зарим эдийн засагчид “Харин ч нөөцийн мах гаргасан нь махны үнийг харин ч өсгөх сэдлийг бий болгодог” гэх юм билээ.

Ченжүүдэд автоматаар үнэ өсөх ёстой гэсэн мессежийг тараагаад байгаа хэрэг. Тэгэхээр цаашид нөөцийн мах бэлтгэж, цаг зав, мөнгөө үрээд байх хэрэггүй болов уу. Гурван жилийн турш харлаа, үр дүн гарсангүй шүү дээ. Хэдэн компаниуд нь гайгүйхэн шиг мах бэлтгэчихдэг бол яах вэ. Гэтэл хамгийн муу, бараг л үхсэн малын махаа бэлтгээд “нөөцийн” гэж хаяглаад зараад байх бололтой юм.

Тийм байхад яаж ч нөөцийн мах зарагдах вэ дээ. Зүй нь бол нөөцийн махны үнэ жирийн махныхаас хавьгүй илүү чанартай хэр нь хямд байж чадвал зах зээл дээр байгаа үнэд цохилт өгснөөр үнэ буурах ёстой юм. Харин өнөөдөр нийслэлийнхний хэрэгцээнд бэлтгэн нийлүүлж буй махны чанар ёстой “авах юмгүй” байгаа шүү дээ.

Чанартай мах нийлүүлэх тал дээр төр засгаас анхаарч, компаниудад шаардлага, хяналт тавьж байна гэх боловч өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд нэг их ахиц гарсангүй. Энэ жил өмнөх жилүүдийнхээс арай чанартай мах гаргасан гэж албаны хүмүүс хэлж байгаа. Гэхдээ тэр хэрээрээ эрэлтийг хангаж, махны үнийг бууруулах зорилтоо биелүүлж чадаагүй билээ.

Цаашдаа махны үнийн тал дээр арай өөр зохицуулалт л хэрэгтэй байна. Нөөцийн мах бүтэхгүй гэдэг нь өнгөрсөн хугацаанд хангалттай харагдлаа шүү дээ. Угаасаа Монголоос өөр оронд нөөцийн мах бэлтгэж, зах зээлд оролцож байсан нь үгүй байх.

Уг нь УИХ-аас Хөдөө аж ахуйн биржийн тухай хуулийг уг нь өнгөрсөн онд баталсан. Хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжихээр байсан ч долдугаар сарын 1-нээс болж хойшлогджээ. Уг нь биржийн худалдааг дэмжиж чадвал хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүн, түүхий эд ченжүүдийн гараар орж, үнэ хөөрөгддөг нь зогсох учиртай.

Гэтэл хуулиа шуурхай хэрэгжүүлэхээс цааргалаад байгааг гайхах юм. Хөдөө аж ахуйн биржийн хууль хэрэгжих гэсээр байтал махны үнэ 9000 төгрөгт хүрчихлээ. Төр үнийг зохицуулж чадахгүй байна шүү дээ. Яг үнэндээ нөөцийн мах нэрээр хэдэн компанийг тэтгэхээс цааш хэтрэхгүй байна.

Өнгөрсөн хугацаанд нөөцийн мах бэлтгэсэн аж ахуйн нэгжүүд хэчнээн төгрөг улсаас авсныг хэлж мэдэхгүй юм. Лав кг тутамд нь 650 төгрөгийн урамшуулал өгч байгаа. Нийт 12000 тонн мах бэлтгэдэг гэхээр нэг аж ахуйн нэгжид хэдэн төгрөг хуваарилагдаж байна вэ. Тооцоод үзвэл жилд дунджаар 3-4 тэрбум төгрөг болж байгаа юм.

Жил бүр энэ хэмжээний мөнгийг татвар төлөгчдийн халааснаас зүгээр л “сэгсэрчихэж” байна. Харамсалтай хэрэг. Оронд нь нэгдсэн журмаар мах бэлтгэлийн улсын томоохон үйлдвэр байгуулаад, үнийг нэг мөсөн хяналтдаа авсан бол хүрэлцэх л мөнгө байсан байх. Төр хувийн компаниудыг тэтгэж байснаас шуудхан бүх зүйлийг хяналтад авч, махны нийлүүлэлт, хангамжийг 100 хувь удирдсан бол арай үр дүнтэй байсан байж болох юм. Гэвч тэгж чадсангүй.

Нөөцийн мах нэрээр хэдэн компаниуд л баяжлаа. Харин ард иргэд улам ядуурлаа. Тэгэхээр одооноос эхлэн нөөцийн мах бэлтгэдгээ бүрмөсөн зогсоогоод энэ зах зээлийг чөлөөт горимоор нь явуулаад үзвэл ямар вэ. Эсвэл төр зах зээлийг удирдсан шиг удирдах хэрэгтэй байна.

Л.Энхдэлгэр
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж